Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганыг хааж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг


Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр өндөрлөж байна. 

    Хэлэлцсэн асуудал, хуралдааны тоо, санал хураалт, үргэлжилсэн хугацаа гээд олон үзүүлэлтээр түүхэн гэж хэлж болохуйц чуулган боллоо. 

    Энэ чуулган манай парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжилжээ. Нэгдсэн хуралдаан 14 удаа, 68 цаг хуралдсан байна. Нийт 23 асуудал хэлэлцэн, 275 удаа санал хураалт явуулжээ. Байнгын хороод 17 удаа, 25 цаг орчим хуралдахдаа 263 удаа санал хураалт явуулсан байна. 

    Түмэн олноо төлөөлсөн төрийн түшээдийн хувьд Та бид зуны турш амралтаа хойш тавьж, алжаалыг умартан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх түүхэн үүргээ ухамсарлаж хичээнгүй ажилласан. Хурал чуулганд идэвхтэй оролцсон гишүүддээ талархал илэрхийлэх нь зүйд нийцнэ.          

    Ээлжит бус чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын Улсын Их Хурлын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх ажлыг хийлээ.  

    УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн 28 намын төлөөлөл, иргэд, эрдэмтэн судлаачид оролцсон хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсан. 

    Улсын Их Хурлын даргын хувиар улс төрийн 17 намын дарга, удирдлагуудтай биечлэн уулзаж, санал солилцсон. Тэдний дийлэнх нь уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Иргэд, намуудын саналыг орхигдуулалгүй судлан үзэж, чухал шаардлагатайг нь төсөлд тусгасан.

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах амаргүй хэрнээ түүхэн хариуцлагатай, төр түмний төлөөх үйл хэргийн ачааны хүндийг бид нэр төртэй давж гарсан гэж хэлж болно. 

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанд хурууны хээ таних цахим системийг хэрэглэж хэвшсэнээр хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага дээшиллээ. 


    Дүгнээд хэлбэл, УИХ-ын үйл ажиллагаанд чанарын ахиц дэвшил гарч, хууль тогтоох үйл явцад иргэд, олон нийтийн байгууллагын оролцоо нэмэгдсэн байна. Тиймээс ээлжит бус чуулган тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн гэж дүгнэж байна. 

    Ээлжит бус чуулганы хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэг тойрсон ял завшсан, завших гэж буй талаарх олон нийтийг бухимдуулсан мэдээлэл, асуудалд онцгой анхаарал хандуулж ажилласан. 

    Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт эрх хэмжээнийхээ хүрээнд хандаж, ял завшуулахгүй байх бүх талын арга хэмжээ авах, хууль хэрэглэхдээ алдаа дутагдал гарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авахыг албан ёсоор хүссэн. 

    Түүнчлэн Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулан ажиллуулж байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн намрын ээлжит чуулганаар шаардлагатай хууль зүйн зохицуулалтыг даруй хийх нь зүйтэй гэж үзэж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. 

    Монгол Улсад хэн ч хуулиар халхавчлан ял завших ёсгүй. Ард нийтээрээ шударга ёсыг хүсэмжилж байгаа энэ цаг үед тэдний хүсэл зоригийг үл тоох, хайхрамжгүй хандах эрх хэнд ч байх ёсгүй. Шударга бус үйлдэл бүхнийг илрүүлж, тэмцэх нь хууль шүүхийн байгууллага төдийгүй нийт төрийн байгууллага, албан тушаалтны журамт үүрэг мөн. Түүний дотор хууль тогтоох байгууллага Улсын Их Хурал, иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон Эрхэм гишүүд Та бидний хүлээх үүрэг, хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай. 


    Эрхэм гишүүд ээ, 

    Та бидний хэлэлцэн дэмжээд буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн маш чухал нэгэн зорилт нь парламентын засаглалаа бэхжүүлж, Монгол Улсын Их Хурал жинхэнэ ард түмний төлөөлөгчдийн хурал болоход чиглэгдэж байгаа. Энэ бол түүхэн зорилт, амаргүй үйлс мөн. 

    Та бид оюун ухаанаа дайчилж, ойлголцол зөвшилцлийг эрхэмлэж ажиллаж чадсан. Үр дүнд нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг амжилттай хийж, дуусгалаа. Ард түмнээрээ хэлэлцүүлэх төслийн эхийг бэлэн болголоо. 

Хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг парламентат ёсонд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог хэвшүүлэх, бэхжүүлэх нь манай улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бүрнээ хангах үндсэн дархлаа мөн. 

     “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 73-р тогтоолд  Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ард нийтийн санал асуулга, ээлжит бус сонгууль, Ерөнхийлөгчийн тавьсан хориг гээд нийт 3 асуудлаар зөвшилцөх санал ирүүлсэнтэй холбоотойгоор улс төрийн шинэ нөхцөл байдал үүсээд байна. 

    Үгийнхээ төгсгөлд Уинстон Черчиллийн хэлсэн үгийг давтан хэлэхийг хүсэж байна. “Сайжруулья гэвэл өөрчлөх хэрэгтэй, төгс төгөлдөр байя гэвэл байнга өөрчлөгд” гэж тэр хэлжээ.  

    Монгол орноо, нийгэмд бугшсан буруу зөрүү асуудал бүхнээ цэгцлэх цаг нэгэнт болсон. Үүнд хэн ч эргэлзэхгүй байгаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь Монгол оронд хууль эрх зүйн хувьсгалыг шинээр эхлүүлж, хөгжил дэвшлийн замд Монгол Улс эргэлт буцалтгүй чиглэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

    Одоо бүгдээрээ санаа зорилго нэгтэйгээр зорилтоо амжилттай хэрэгжүүлж, ажил хэрэг болгоё. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг нийт улс төрийн намууд, Улсын Их Хурлын гишүүддээ уриалж байна.

    Мөнх тэнгэрээс заяат Монгол түмэн минь амгалан, төр улс маань түвшин цэгц байх болтугай.

    Эрхэм гишүүд ээ,

    Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл