Цэс

Холбоо барих

ЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв

   

 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.11) хуралдаан 10 цаг 43 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй гишүүд танилцах шаардлагатай гэж үзсэн тул хэлэлцэх хугацааг 7 хоногоор хойшлуулав.

    Хуралдааны эхэнд  Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. 

    Хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)-ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхин банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12.0 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү  1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь  байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон. 


    Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

     Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Я.Содбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ зуух солих нь утаа бууруулах шийдэл биш гэдгийг тодотгохын зэрэгцээ төслийн хөрөнгийг стандарт боловсруулах, ТЭЗҮ хийх зэрэг хөрөнгө шаардахгүй ажлуудад зарцуулсанд анхаарах шаардлагатай гэв. Түүнчлэн нэмэлт санхүүжилтийн хүрээнд хийх ажлын талаар тодруулав.

    Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хариултдаа, өмнө нь авсан 15 сая ам.долларын зээлээс 13.5 сая ам. доллар зарцуулагдсан. 2012-2016 онд 10.7 ам.доллар зарцуулагдсан бол 2016-2018 онд 2.8 сая ам.долларыг Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу дотоод агаарын чанарыг сайжруулахад анхаарч сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн байгуулагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх, Дулаалга аянаа үргэлжлүүлэхэд зарцуулсан гэдгийг онцолсон. Мөн нэмэлт санхүүжилтийн хүрээнд эрчим хүчинд хэмнэлттэй, нүүрсний бус халаалтын технологийг дэмжих чиглэлийн саналыг оруулаад байгаа талаараа дурдав. 


    Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

    Үргэлжлүүлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ  хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулсан. 

    Монгол Улсын Үндсэн хуулийн  16 дугаар зүйлийн 2-т  заасан “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”. Мөн УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.3.1-ын Зорилт-2-д “Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ." гэж заасан байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар үүсгэн байгуулагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгосноор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов. 


    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэлэхдээ, хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. 

Шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив 

    Дараа нь Засгийн газраас  2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

    Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Зам, тээвийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулсан. Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Засгийн газрын 2018 оны 201 дүгээр тогтоолоор баталсан “Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгааг танилцуулгадаа дурдав. 

    Хуулийн төсөлд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналт, хянан шалгагчийн зохицуулалт шинээр тусгажээ. Мөн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотойг зохицуулалт, хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлсэн байна. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тусгаж, хуулийг практикт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан хэмээн салбарын сайд танилцуулгадаа онцоллоо. 

    Хуулийн төсөл батлагдсанаар далай ашиглах үйл ажиллагааны нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын уялдаа, холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржих, далбааны эзэн улсын хяналт сайжрахаас гадна хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ. 


     Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нарын асуултад Ажлын хэсэг хариулт өглөө. Ажлын хэсгийн зүгээс, 1999 онд батлагдсан Далай ашиглах тухай хуульд хөлөг онгоцны бүртгэлийн боомт нь Улаанбаатар хот байна гэж заасан. 2003 оноос хойш бүртгэлийн хамтарсан компанийг Сингапур улсад ажиллуулж байгаа. Өмнө нь тус компани бүртгэлийн ажлыг хариуцдаг байсан бол өнөөдөр Далайн захиргааны газар бүртгэлийн ажлыг хариуцах болсныг хариултдаа онцлов. Мөн одоо мөрдөгдөж байгаа хуульд хяналтын байгууллагын асуудлыг зохицуулаагүй байсан бол шинэчилсэн найруулгын төслөөр далбааны эзэн улсын хяналт, шалгалт гэсэн бүлгийг нэмж оруулсан гэж байлаа.

    Хуулийн төслийн талаар санал хэлэх гишүүн байгаагүй тул Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг дэмжлээ

    Хуралдааны төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэв. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Д.Баярсайхан тус газрын даргаар томилогдсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1,15.2-т заасныг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг нэрийг дэвшүүлжээ. Нэр дэвшигчийн талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. 


    
    Т.Цэрэнбадрал нь 1978 онд Дундговь аймагт төрсөн, 2000 онд  МУИС-ийн Олон улсын  харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 2010 онд Либерти дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуулийн бизнесийн удирдлагын магистр  хамгаалсан. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны 09 дүгээр сараас  “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж иржээ. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээс нь эхлээд орлогч даргын албыг хашсан мэргэжлийн хүн нэр дэвшсэнийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах, үнэт цаасны зах зээлд ахиц дэвшил гаргах, ломбардын үйл ажиллагааг цэгцлэх талаар бодлого барьж ажиллахыг захиж байлаа. 

    Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадралыг нэр дэвшүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл