Цэс

Холбоо барих

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  өнөөдөр /2019.08.16/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

    Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль нь Монгол Улсад соёлын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэслэл, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг түлхүү зохицуулж байгаа аж.  Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоол, 2017 оны 11 дүгээр тогтоолд “Соёлын тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш шинэчлэгдээгүй бөгөөд уг хуулийн зохицуулалт нь соёл, урлагийн өнөөгийн харилцааг зохицуулах, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон тул хуулийн зохицуулалтыг шинэчилж боловсронгуй болгох”-оор төсөл санаачлагчид зорьжээ.

    Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 6 бүлэг 25 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд дараахь зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хуулийн нийтлэг үндэслэл болох хэсэгт хуулийн зорилтыг тодорхойлж, соёлын тухай хууль тогтоомж, соёлын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тогтоож, зарим нэр томъёог жигдэлжээ. Соёлын үйл ажиллагаа эрхлэх, соёлын байгууллагын чиг үүрэг, удирдлага, үндэсний соёлын байгууллага, соёлын  байгууллага, соёлын ажилтны эрх, үүргийг зааж, соёл, судлал, соёлын боловсрол олгох зохицуулалтыг тусгасан байна. Соёлын салбарын удирдлага, зохион байгуулалт, төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, үндэсний зөвлөлийн эрх, үүргийг тодорхойлжээ. Мөн соёлын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч соёлын эдийн засаг, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудыг уран бүтээл туурвих, түүнээс олсон нийт орлого нь санхүүжилтийн гол эх үүсвэр болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Соёлын үнэт зүйлийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотойгоор мерчандайзын гэрээний зохицуулалтыг тусгаж өгсөн байна. Соёлын агентын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, соёлын үйл ажиллагаан дахь хязгаарлалт, соёлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт, хариуцлагын асуудлыг  тус тус тусгажээ.

    Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар иргэдийн соёл, урлагийн боловсрол дээшлэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх, хөгжүүлэх дархлаа бий болж, соёлын үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Соёлын үйлчилгээ, хүртээмж сайжирч, уран бүтээл хийх сэдэл бий болгох, соёл, урлагийн үйл ажиллагааны санхүүжилт нэмэгдэх, үндэсний  соёлыг хадгалах,  хамгаалах, судлах, соёлын олон улсын хамтын ажиллагааг дэмжих, соёл урлагийн салбар дахь мэргэжлийн болон шинжлэх ухааны судалгааг нэвтрүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн театр, чуулгын урын санг үндэстэн, ястны онцлогтой уялдуулан хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Уран бүтээлийг бодитойгоор урт хугацаанд дэмжих, соёлын харилцаанд оролцогчдын хөдөлмөрийг зүй зохистой үнэлж, хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл