Эмхэтгэлийн шинэ дугаарт Ерөнхий
боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг нийтэлжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хоол зүйч, тогооч, туслах тогооч болон суралцагчийн тооноос хамаарсан бэлтгэгч, угаагч, үйлчлэгч бүхий мэргэжлийн хүний нөөцтэйгөөр шаардлага хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмж ашиглан сургуулиас суралцагчид өдрийн хоолоор үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах анхдагч хууль бөгөөд хууль 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд 2021 оны хичээлийн жилээс эхлэн бага ангийн суралцагчдыг, 2022 оны хичээлийн жилээс дунд ангийн суралцагчдыг, 2023 оны хичээлийн жилээс ахлах ангийн суралцагчдыг өдрийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулахаар заасан байна.
Монгол Улсын Засгийн газарт мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, аюулгүй хоол хүнсээр хангахад чиглэсэн шаардлагатай төсөв хөрөнгийг тухай бүр шийдвэрлэн ажиллахыг Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор даалгажээ.
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий нэгж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулагдах бөгөөд энэхүү нэгж нь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган, хоол зүйч, тогоочийг бэлтгэх, давтан сургах бодлогыг тодорхойлж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, төсвийн төсөлд тусгах чиг, үүргийг хэрэгжүүлэх аж.
Суралцагчийг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангаж, орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний хангамжид түлхүү хэрэглэх зарчим баримтлахаас гадна сургуулийн хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сургуулийн дэргэдэх туслах аж ахуйгаас бэлтгэх болон баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн ашиглахаар заажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар хариуцан нийлүүлж болох бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах эсэх талаар шийдвэр гаргахаар тусгасан байна.
Хууль батлагдсанаар олон улсад нэр хүнд бүхий дэлхийн 180 гаруй оронд хэрэгжиж буй хүүхдийн хоолны жишиг хөтөлбөрийг Монгол Улс хэрэгжүүлэх боломжтой болж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцлийг бүрдүүлсэн байна.
Мөн дугаарт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай”, “Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”, “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг бүрэн эхээр нь нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.