Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.01.22) хуралдаан 10.00 цаг 03 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын гурван гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хийв. Улсын Их Хурлын даргын 2020 оны 01 дүгээр тоот захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Л.Болд, Д.Мурат, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Харилцаа, холбооны зохицуулах хорооноос төлөөлөл орж ажиллажээ. Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 94, төслийн үг хэллэг, нэр томьёо, дугаарлалтыг жигдэлсэн 5 багц найруулгын санал бэлтгэсэн гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгахыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуульд нэр дэвшигч төрийн албанаас чөлөөлөгдөх хугацаа, хандивын талаар илүүтэй лавлаж, ухуулагчийн тоог багасгах талаар байр сууриа илэрхийлсэн.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хариултдаа, Хуулийн төсөлд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг 08 дугаар сарын 01-ээс гэж өөрчлөхөөр болсон. Мөн хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон гэж байлаа.
Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “3.1.8.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентийг интернетийн домэйн нэр болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээг ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг; 3.1.9.“ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг.” гэсэн агуулгатай заалт, мөн төслийн 7 дугаар зүйлд “7.6.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн төслийн 10 дугаар зүйлд “10.11.Санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 10.1-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо тайлангт нэгтгэж 60 хоногийн дотор Төрийн аудитын дээд байгуулагад хүргүүлнэ., 10.12.Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн хороод тайландаа тухайн орон нутаг дахь төрийн аудитын салбар байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Түүнчлэн төслийн 33 дугаар зүйлд “33.1.9.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогоогдсон.” гэсэн агуулгатай хэсэг, төслийн 29 дугаар зүйлд “29.8. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Харин төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “5 дугаар сарын 1-ний” гэснийг “08 дугаар сарын 01-ний” гэж өөрчлөх, төслийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.15 дахь хэсгийн “22:00” гэснийг “20:00” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Эрдэнэбат нар хуулийн төсөлд “сонгуулийн ирцийг 50+1 хувь байх” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
“Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо боловсруулсан. Хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэг, Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, Байнгын хороод, гишүүдээс давхардсан тоогоор 72, Засгийн газраас 60, нийт 133 хууль, тогтоомжийн санал ирүүлсэн.
“Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ирүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримталсан болно.
Дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар 17 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.
Уг тогтоолын төсөлд дурдсанаар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд
1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
2/“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/““Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
9/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
11/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
16/Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
17/“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
18/Бусад.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, батлуулах нь зүйтэй гэсан саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын Н.Цэрэнбат танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, 1Т дүгээр зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"- ын 3.7.8 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"- ийн 2.60 дахь зорилтыг тус тус үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба"-ыг байгуулахаар санал боловсруулсан гэдгийг онцлов.
Мөн Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв /ТӨҮГ/, Геологийн төв лаборатори /ТӨҮГ/ нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллана. Үйл ажиллагааны стратегийн зорилт нь "Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэж эрдэс баялгийг нээн илрүүлэн улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээг хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамааруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх” зэрэг болно гэж танилцуулгад дурдав.
Төрийн зүгээс бодлогоор дэмжин улсын төсвийн хөрөнгө, шинжлэх ухаан, технологийн сан болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр хэрэгжүүлэх бүх төрлийн геологийн судалгааны төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Үндэсний геологийн албаар дамжуулан нэгдсэн зарчмаар хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газрыг Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн судалгааны үндсэн дээр бүх төрлийн ашигт малтмалын нөөцийн байдал, геологийн бүтцэд байгаа гүнийн усны нөөц, хот-суурин газар болон хөгжлийн бүсүүдийн геоэкологи өнөөгийн байдал, газар хөдлөх магадлалтай нутаг дэвсгэрийн геологийн үйл явцын геологи-тектоникийн тайлал, хурдны болон төмөр замын суурь гүний судалгааны нэгдсэн мэдээлэл, хот суурин газруудын төлөвлөлтийн геологи- геотектоникийн суурь мэдээллээр хангана.
Геологийн судалгааны ажлын үр дүн нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг, тодорхой газар нутгийн нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл бий болдгоороо ихээхэн ач холбогдолтой юм. Гэвч Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын хэвлийн геологийн судалгааг шинжлэх ухааны үндсэн дээр нэгдсэн системтэй, иж бүрнээр гүйцэтгэх үүрэг бүхий геологийн салбар нь уул уурхайн салбарын хавсарга нэгж хэлбэрээр ажиллаж байгаа нь геологийн салбарыг уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд болох ашигт малтмалын нөөц, баялгийг бэлтгэдэг мэтээр өрөөсгөл байдлаар төсөөлдөг ойлголт нийгэмд төлөвшсөн байна. Гэтэл геологийн салбар нь дан ганц ашигт малтмалын чиглэлээр бус маш олон төрлийн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд түүний үр дүнг эдийн засгийн бүх салбарт ашигладаг онцлогтой. Тухайлбал, хот, суурин газар, бүс нутгийн хэмжээнд гео-экологи, гидрогеологийн региональ судалгаа болон газар хөдлөл, хөрсний гулсалтын зэрэг геотектоникийн судалгааг хийсний үр дүнд хот төлөвлөлт, дэд бүтцийн барилга байгууламжийг гео-орон зайд шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх зэрэг үндсэн гол мэдээллийг бий болдог. Энэ нь хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Улс орны хөгжлийн суурь судалгааг гүйцэтгэдэг геологийн салбарт төрийн зүгээс онцгойлон анхаарч өнөөдөр хоорондоо ямар ч мэргэжлийн уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах, салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлэх, боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монгол орны онцлогт тохирсон “Үндэсний геологийн алба"- ыг шинээр байгуулах зүй ёсны бодит шаардлага урган гарч байна хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулгадаа онцлов.
Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанй чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.