Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2020.01.22) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын сайн мэддэг, манай улсад чин сэтгэлээсээ элэгсэг дотно ханддаг, Японы шилдэг дипломатч Элчин сайдаар томилогдсонд баяртай буйгаа илэрхийлээд энэ туршлага нь Монгол-Японы Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг онцлон тэмдэглэлээ.


Тэрбээр, “Хоёр улсын хамтын ажиллагаа өргөжиж, өндөр дээд хэмжээний уулзалт, айлчлалууд тогтмолжиж байгаагийн зэрэгцээ иргэд хооронд болон соёл, спортын салбарын харилцаа хөгжиж байна. Цаашид Монгол, Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хоёр улс анхаарч ажиллах хэрэгтэй. Бидний хувьд инновацад суурилсан эдийн засгийг хөгжүүлэх сонирхолтой байна” гэж хэлсэн үгэндээ онцолсон юм.


Элчин сайд ноён Кобаяши Хироюки Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүд оролцож, хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хөрөнгө оруулагчдыг татах нь чухал. Японы хөрөнгө оруулагчдыг татахад бизнесийн таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй учраас Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шийдэх шаардлагатай зарим асуудал байгааг дурдав.


Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн М.Билэгт болон албаны бусад хүмүүс байлцав.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.

Тэрбээр, 1987-1989 он Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд 3 дугаар нарийн бичгийн дарга, 2005-2008 онд ЭСЯ-ны Дэд тэргүүнээр тус тус томилогдон ажиллаж байжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл