УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өнөөдөр (2018.05.25) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Мустафа Меноуэр Синасеуртай уулзлаа.
Ноён Мустафа М.Синасеур хүлээн авч уулзаж буйд байнгын хорооны даргад талархал илэрхийлээд 2018 оны 10 дугаар сард Испани улсад болох “Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын эсрэг – Дэлхийн парламентын чуулган”-д Монгол Улсын Их Хурлаас хоёр төлөөлөгч оролцохыг урьж, урилгыг гардуулан өгөв. Тэрбээр хэлсэн үгэндээ зарим оронд байгаа шиг өлсгөлөн, хоол тэжээлийн хомсдол Монгол Улсад нүүрлээгүй боловч, дэлхийн Тогтвортой хөгжлийн хоёр дахь зорилт болох “Өлсгөлөнг зогсоож, хүнсний аюулгүй байдал бий болгох, шим тэжээлийг сайжруулах, тогтвортой газар тариаланг дэмжих” зорилтыг хэрэгжүүлэхэд бусад улсын парламенттай хамтран ажиллаж, хамтын үр дүнд хүрэхэд хувь нэмрээ оруулахыг хүслээ.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг боловсруулахад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зүгээс зөвлөмж өгч, хамтран ажилласан явдалд талархал илэрхийлээд энэ онд Бэлчээрийн тухай хуулийг боловсруулж, батлуулахаар зорьж байна гэсэн юм. Мөн “Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын эсрэг – Дэлхийн парламентын чуулган”-д төлөөллөө оролцуулж, Дэлхийн хүнсний өдрийг өөрийн орондоо зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд байнгын хорооны зүгээс анхаарч ажиллана гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.