Цэс

Холбоо барих

Байнгын хорооны тогтоолыг Консерваторийн хамт олон талархан хүлээж авлаа

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, А.Ундраа нар өнөөдөр (2018.05.24) хөгжмийн дээд боловсролын байгууллага буюу Монгол Улсын Консерваторит зочилж, НББСШУ-ны байнгын хорооны 13 тоот тогтоолыг тус сургуулийн хамт олонд танилцуулж, гардуулан өглөө. 



Монгол Улсын Консерваторийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай уг тогтоолд тус сургуулийг бага, дунд болон мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгодог шаталсан сургалттай, сургалт-эрдэм шинжилгээний хэв шинж бүхий их сургууль болгож, боловсрол эзэмшүүлэх зардлыг нь төр хариуцдаг байх эрх зүйн орчин  бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна. 

Ийнхүү статусыг нь өөрчилж, их сургууль болгохын тулд сургалтын тоног төхөөрөмж, сургалтын орчны материаллаг бааз болох хөгжмийн зэмсэг, номын сан, лингафоны кабинет зэргийг нь бэхжүүлж, залуу багш нарыг нь гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлж, туршлага судлуулах шаардлагатай бөгөөд эдгээр асуудлыг шат дараатай шийдвэрлэх ажээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тогтоолыг уншиж танилцуулсны дараа хэлсэн үгэндээ Монгол Улсын Консерватори бол дахин давтагдашгүй онцлог сургууль учраас бид тусгайлан тогтоол гаргаж, УИХ-ын зүгээс үзүүлэх дэмжлэгээ албажуулж өглөө гээд тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд салбарын яамтайгаа нягт хамтран ажиллахыг хүсэв. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Ундраа нар тус сургуулийн циркийн сургуулийн барилгын ажилд шаардагдах 13 тэрбум төгрөгийг ирэх оны Улсын төсөвт суулгах асуудлыг анхаарч дэмжихээ илэрхийллээ. 



Байнгын хорооны гишүүд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нарт тус сургуулийн хамт олныг төлөөлж захирал Х.Саранчимэг, Монгол Улсын Ардын жүжигчин Х.Уртнасан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат нар талархал илэрхийлж, манай байгууллагын хувьд “түүхэн өдөр” боллоо хэмээн баярлаж байв. 81 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын Консерваторит 2017-2018 оны хичээлийн жилд сонгодог болон ардын хөгжим, цирк, бүжгийн мэргэжлээр 1041 хүүхэд суралцаж, эдгээр хүүхдүүдэд үндсэн болон гэрээт байдлаар 260 гаруй багш мэдлэг, ур чадвар эзэмшүүлж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл