Цэс

Холбоо барих

С.Бямбацогт: Хэлэлцүүлгийн үеэр яригдсан саналуудаг Ажлын хэсэгт хүргүүлж, хуулийн төсөлд тусгах талаар анхаарч ажиллана

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг (2019.07.25) Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх оролцогчдын санал, байр сууриар үргэлжилсэн. 


Төслийн танилцуулгуудтай холбогдуулж нийт 33 оролцогч саналаа хэллээ. Хэлэлцүүлэгт оролцогчдын олонх нь хот хэмээх статусыг Үндсэн хуульд тусгах, Сум, дүүргийн Засаг даргыг сумын иргэд сонгох, Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн ИТХ байх тухай тусгасан зохицуулалтын талаар илүүтэй саналаа хэлж, байр сууриа илэрхийлж байлаа. 

Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Хот жинхэнэ утгаараа хөгжих боломжийг Үндсэн хуулийн төсөлд нээж өгч байгааг эерэг талаас нь харж байна гэлээ. Тэрбээр, Үндсэн хуульд хот гэдэг зүйлийг тодотгож, холбогдох удирдлага, эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн зарим эрх үүргийг тодорхой болгож байгаа нь олон жил алдаж онож ирсэн асуудлуудыг шийдвэрлэж, ирээдүйд хурдтай хөгжих боломж гэж харж байгаа. Гэхдээ Үндсэн хуульд ийм зүйл, заалтыг оруулаад орхилгүй Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиа илүү боловсронгуй болгож хотууд хөгжих боломжийг бусад дагалдах хуулиудаар нээхэд онцгой анхаарах ёстой хэмээсэн.


Цаашлаад Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Татварын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудынхаа үг нэг бүрийг анхаарч, эдийн засгийн болон эрх зүйн үр дагаварыг нь тооцон шинэчлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Хот, аймаг, орон нутгийг хөгжүүлье гэвэл эрх үүргийг хэрэгжүүлж байгаа, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааг тогтвортой болгох нь чухал гэдийг ч тэрбээр дурдаж байлаа.


УИХ-ын гишүүн асан, судлаач Д.Балдан-Очир, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна хэмээн тусгасан асуудалд болгоомжтой хандан, гарах үр дагаврыг нь тооцож үзэх нь зүйтэй хэмээсэн. Хэрэв ингэж шийдвэл бусад органик хуулиудтай сайн уяж өгөх хэрэгтэй гэж тодруулсан.

Хөгжлийн хөтөлбөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр, Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд сонгодог болсноор авлигыг бий болгох вий гэсэн бол Дэлхийн монголчуудын намын дарга Г.Тэмүүжин сумын Засаг даргаа иргэд сонгодог болох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.


Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр Сумын Засаг дарга ард иргэдээс сонгогдохдоо өөрийн мөрийн хөтөлбөрөө боловсруулна. Сумын ИТХ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Сумын Засаг дарга ИТХ-тайгаа хэрхэн ажиллах талаар анхаарахгүй өнгөрөөж болохгүй гэсэн бол иргэн Б.Бямбабаяр, сумын иргэд Засаг даргаа сонгоод явсаар 10, 20 жил өнгөрсөн хойно төр засгаас хамааралгүй болох асуудал үүсч болзошгүй хэмээн болгоомжилж буйгаа дуулгасан.

Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгохоор тусгасныг дэмжиж байна хэмээгээд, гэвч хот өөрийн захирагчтай, хуралтай байж өөрчлөгдөх атал хотын захирагч, хурлын талаар хөндөөгүй байна хэмээлээ.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Т.Тулгаа, Хотын статусыг Үндсэн хуульд тодорхой тусгаад, салбар хуулиудын зохицуулалтыг сайжруулах нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Тэрбээр, аж үйлдвэрлэл дээр суурилан байгуулагдсан Дархан, Эрдэнэт, Говьсүмбэр зэрэг хотууд 2-4 сумтай. Гэтэл сумдтай холбоотой хуулийн зүйл заалтууд бусад аймгуудын сумдад тохирдог атлаа дээрх гурван хотын сумдад тохирдоггүй гээд статусыг тодорхой болгосноор хотууд хөгжин, түүнд тулгуурлан нийслэл хотын төвлөрөл саарах боломж бий болно гэж хэлсэн.


Хэлэлцүүлэгт оролцогчид таван бүсийн тулгуур төвийг хотын статусын хэмжээнд хөгжүүлэх, 1500 ба түүнээс доош хүн амтай сумдыг ойролцоо сумтай нэгтгэх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг иргэдийн саналыг харгалзан өөрчлөх, Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгдмэл байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нөлөөллийг сайтар судлах, хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан нутгийн удирдлагын тогтолцоог өөрчлөх, үүнийг тулд органик хуулиудаа өөрчлөх зэрэг саналуудыг гаргаж байлаа.



Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Зөвшилцлийн Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн үеэр яригдсан, ирсэн саналуудыг ажлын хэсэгт хүргүүлж, хуулийн төсөлд хэрхэн тусгах талаар анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэн энэ өдрийн хэлэлцүүлгийг өндөрлүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл