УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр (2018.05.24) Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөллийн хамтаар Чингэлтэй дүүрэгт ажиллав.
Тус дүүргийн 4, 5, 6 дугаар хороонд оршин суугаа иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах үүднээс амьдарч буй орон сууцны нөхцөл байдал, ногоон байгууламжийн асуудал, орон сууцны хороолол дундах авто замын орц, гарцын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Шинээр баригдаж буй орон сууцны зарим хороолол автомашины орц, гарц хязгаарлагдмал байдаг, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, барилгын компаниуд нь төлөвлөгөөт ажлаа гүйцээж хийлгүй иргэдийн эрх ашгийг хохироож байгаа талаар иргэд хэлж байв. Мөн барилгууд чанарын шаардлага хангахгүй байгаа нь олон өрхийн амьдралыг эрсдэлд оруулж байгаа талаар санал гомдлоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод танилцуулсан. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тус хороодын нутаг дэвсгэрийн нөхцөл байдал, шийдэх боломжтой асуудлууд, тэдгээрийг хууль зүйн хүрээнд шийдэх боломжийн талаар саналаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагуудтай солилцлоо. Ингээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тодорхой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албаны хүмүүст чиглэл өгсөн юм.