Цэс

Холбоо барих

ХЗБХ: Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.28) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.  

    Эхлээд Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. 


    Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны 07 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 онд батлах үеэр түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд тодорхой тусгалгүйгээр баталсан байдаг. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны дараа буюу 2002 оны 09 сард түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан Тусгай ажлын хэсэг нь 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг Уганда Улсын Кампала хотноо 2010 оны 05 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 11-нд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж ОУЭШ-ийн Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.

    Тус нэмэлт, өөрчлөлтөөр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасч, 8 bis дугаар зүйлийг нэмж оруулсан бөгөөд тус зүйлээр батлан хамгаалахын, эсхүл улс төрийн шууд оролцоотой буюу удирдах албан тушаалтан тус гэмт хэргийн (үйлдэгч) субьект болохоор заасан нь Ромын дүрэмд дурдсан бусад 3 төрлийн олон улсын гэмт хэргээс ялгаатай юм.

    Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн (а) болон (с) дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан 15 ter дугаар зүйл нэмсэн. Уг зүйлийн дагуу түрэмгийллийн үйлдэл гэж тооцоход НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүгнэлт заавал гарах хэрэггүй бөгөөд оролцогч улс эсхүл Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэдэх прокурор түрэмгийллийн үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалтыг эхлүүлэх эрхтэй байхаар болсон. Мөн энэ зүйлээр түрэмгийллийн гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд 2 төрлийн хязгаарлалт тогтоосон. Нэгдүгээрт, Ромын дүрмийн оролцогч биш улсын иргэн, эсхүл түүний нутаг дэвсгэрт түрэмгийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд шүүх тус хэргийг харьяалан шийдэхгүй. Хоёрдугаарт, аливаа оролцогч улс түрэмгийллийн гэмт хэргийн хувьд Олон улсын эрүүгийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тусгайлан мэдэгдсэн тохиолдолд уг гэмт хэргийн таслан шийдвэрлэх ажиллагааг Олон улсын эрүүгийн шүүх явуулахгүй байхаар тусгажээ.


    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, асуулт асууж, Н.Энхболд сайдаас хариулт мэдээлэл авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил хэлэлцэж буй асуудал болон олон улсын гэрээ, конвенцтэй холбоотой, эдгээрийн хэрэгжилттэй холбоотойгоор олон улсын мэргэжилтнүүдээс ирүүлсэн зөвлөмжийг тоймлон Улсын Их Хурлын гишүүдэд ирүүлж байх саналыг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь төслийг дэмжсэн тул энэ санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 


    Дараа нь Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. 

    Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 29.1 дүгээр зүйлийн гарчиг, 29.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “түрэмгий дайныг” гэснийг “түрэмгийлэл, эсхүл дайныг” гэж,  29.1 дүгээр зүйлийн гарчиг, 29.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, 29.2 дугаар зүйлийн гарчиг, 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “түрэмгий дайн” гэснийг “түрэмгийлэл, эсхүл дайн” гэж тус тус өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Ийнхүү өөрчлөлт оруулснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, тухайлбал Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан нэр томьёотой уялдуулж, нэг мөр болгох юм.

    Илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын хууль тогтоомжийг нэг мөр нийцүүлэх шаардлага байгааг анхаарч, төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх шаардлагатайг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар ажлын хэсэгт санууллаа. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүд 90.9 хувийн саналаар дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 


    Дараа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Хууль зүйн байнгын хороо ийм санал, дүгнэлтийг дэмжсэн бол” хэмээн заасан байдгийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

    Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд уг хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан хэдий ч эдгээр хуулиудад тухайн асуудльи зохицуулсан зохицуулалт байхгүй тул мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдлыг арилгах хэрэгцээ, шаардлага үүссэн болно.

Иймд Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт оруулах замаар хууль хоорондын зөрчил арилгуулах асуудлыг хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар 23.2.2 дахь заалтад заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос холбогдох санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн байна. 


    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ц.Мөнх-оргил, Ц.Нямдорж, Л.Болд нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс тайлбар, мэдээлэл авлаа. Мөн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжих томьёоллоор санал хураахад гишүүдийн 63.6 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

    Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцэхээр товлосон тул Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хаалттай горимд шилжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл