Цэс

Холбоо барих

"Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийн оролцогчид асуулт асууж, хариулт авлаа

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх цуврал хэлэлцүүлгүүдийн дөрөв дэх буюу “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг (2019.07.25) Төрийн ордонд үргэлжилж байна. Үдээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх нутгийн удирдлагыг боловсронгуй болгохтой холбоотой зүйл, заалтыг дэлгэрэнгүй танилцуулсан. 


    Үргэлжлүүлэн оролцогчид сонирхсон асуултаа асууж, төсөл санаачлагчдаас хариулт авав. Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 62.1-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэсний “бие дааж” гэдэг үгийг хасаж буй үндэслэл, Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл дэх аймгийн статусын талаар тодруулж асуув. 

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариулахдаа, “эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд” гэсэн тодорхойлолт засаг захиргааны бүх нэгжид хамаардаг. Тэгвэл өөрийгөө бүрэн санхүүжүүлэх чадвартай сум ердөө 3-4 л байна. Гэвч тухайн сумын нутаг дэвсгэр дэх байгалийн баялаг нь тэр сумын ард иргэдийн өмч биш. Өнөөдөр амьдарч байгаа бид бүхний ч өмч биш, нийт монголчуудын өмч. Үндсэн хуульд ч байгалийн баялгийг аймаг, сумаараа өмчлөх эрхгүй гэдгийг тодорхой заасан. Нийт ард түмний мэдлийнх бөгөөд төрийн хамгаалалтад байдаг, төрийн өмч юм. Төр баялагтай аймаг, сумдаас татвар авч түүнийгээ баялаггүй сумдад төсөв болгон хуваарилдаг. Дээрээс хуваарилагдаж ирсэн мөнгийг хуваарилдаг аймаг, сумын ИТХ нь асуудлаа бие даан шийдэх чадваргүй юм байна хэмээн үзсэн. Иймд энэ үгийг ач холбогдолгүй хэмээн үзэж, хасахаар төсөлд тусгасан. Одоогоор засаг захиргааны бүх нэгжээс татвар авдаг нь ердөө нийслэл. Эдийн засаг, нийгмийн цогцолбор болох тал руугаа явж буй ганц нэгж. Цаашид сум ийм байж болно. Гэхдээ эрхийг нь Засгийн газраас олгосон тохиолдолд сумынхаа малчдаасаа татвар авах хуулийг сумын ИТХ гаргаж чадах эсэхийг бодитоор харах нь зүйтэй. Татвараа аваад, орлого олоод, асуудлаа шийдээд эхлэвэл “бие дааж” гэдэг үг нь амилна. “Эдийн засаг, нийгмийн цогцолбор” гэдэг нь орчуулгын хэллэг бөгөөд татвартай, татвараа зохицуулдаг, зарцуулдаг эрхтэй, өмч хөрөнгөтэй байх юм. Нэгдмэл Монгол Улсын хувьд бол энэ боломжгүй хэмээн тайлбарлалаа. 


    Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд сум, дүүргийг “үндсэн нэгж” гэж тусгасан гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хэлэв. Тухайн сум, дүүрэгт оршин сууж буй иргэдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, хог хаягдлын татварыг зохицуулах гэх зэргээр төрийн бүхий л үйлчилгээг хүргэж байгаа нь сум, дүүрэг юм. Харин төв засгийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн орон нутагтаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ сумдын дангаараа шийдэж чадахгүй байгаа асуудлыг зохицуулж, удирдах ажлыг аймаг, аймгийн Засаг дарга хийх нь зүйтэй хэмээн үзсэн. Олон оронд энэ төрлийн зохион байгуулалт байдгийг жишээ болгон дурдав. 

    Иргэн судлаач Х.Владимарын асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хариулт өгсөн. Үндсэн хууль дахь суурийг өөрчилж, хоттой болох боломжийг нээх, үүнийг Улсын Их Хурал, Засгийн газар шийдвэрлэдэг байх нь зүйтэй гэлээ. Газар нутаг гэдэг аль нэг аймгийн ИТХ-ын өмч биш бөгөөд өнөөдрийн зохицуулалтын дагуу аль нэг аймаг, сумын ИТХ-ын шийдвэрээс хамаараад статусын асуудлыг шийдэж чадахгүй нөхцөлд хүрээд байгаа талаар тайлбарласан. Үндсэн хуулийн нэг согог бол Монгол Улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ өөрчлөх асуудлыг төрийн бодлогынхоо төвөөс бүхэлд нь гаргаж, орон нутагт шилжүүлсэн явдал хэмээн З.Энхболд дарга хэлсэн. Энэ нь хөгжлийг боомилж байна. Үндсэн хуулийн Тавиндолдугаар зүйлийн 57.3 заалтын хүрээнд 27 жилийн хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөр баг нь сум болон тусгаарлаж, Архангайн Цахир баг байж байгаад сум болсон. Хэрвээ Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 57.3 бүрэн хэрэгжсэн бол хөгжлийн асар их ялгаатай суурин газрууд үүсэхгүй байсан. Тодруулаад хэлэхэд, Дорнод аймаг бол өнөөгийн дорнодчуудын өмч биш, аймаг бүр газар нутгийн хувьд тусгаар биш юм. Аль нэг аймгийн нутагт хот байгуулахаар бол түүнийг нь уян хатан байдлаар шийдээд явах нь олон талын ач холбогдолтой. Улс орны нэгдмэл эрх ашиг бол жигд хөгжил юм гэлээ. 

    Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн төслөөр бол нийслэлийн 165 хороог дүүрэг болгоно, тэгвэл дүүрэг нь өнөөдөр 240 хуулиар эрх, үүрэг хэрэгжүүлдэг. Энэ бүхнийг бас тооцох шаардлага бий гэлээ. Хэлэлцүүлгийн оролцогчид засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг болон хүн ам бөөнөөр төвлөрөн суурьшсан хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг тус бүрд нь тодорхойлж, зааг ялгааг нь тодруулахад төвлөрөх нь зүйтэй. Өдгөө Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиуд хэрэгжиж байна. Эдгээрийг хэрэгжүүлэлгүй 20 гаруй жил болж байна. Шалтгаан нь, хот тосгоддоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хуулиар шилжүүлж өгөөгүй. Хуульдаа бол хот, тосгоны захирагчийг ард түмэн сонгоно, харин засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн даргыг тухайн шатны ИТХ-аас санал болгож, дээд шатны Засаг дарга нь томилно гэж ялгаатай байгааг үл анзаарч Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилдог хэмээн тайлбарласан. Үргэлжлүүлэн тэрбээр “Бид сумыг нэгж гэдэг ерөнхий агуулгаар харах нь зүйтэй. Сумын төв бол суурьшил үүссэн бүс. Аймаг гэдэг том утгаараа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэдэг агуулгаараа ойлгогдоно. Аймгийн төв бол хот, хот бол өөрийн эдэлбэр газартай байна. Зарим чиг үүргээ шилжүүлж болохгүй. Өнөөдөр 330 сумын төв хогондоо баригдсан байгаа, усны асуудлаа шийдээгүй, төлөвлөлтгүй байна. Тиймээс бид гарцаагүй Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шилжилт хийх горимоо тусгаад, шилжилтийнхээ үеийн төлөвлөгөөгөө органик хуулиараа хийх нэлээд нарийн ойлголт юм” гэлээ.  

    Хуульч, судлаач Д.Батбаатар Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг ч үүнийгээ орхигдуулдаг гэдгийг шүүмжилж байв. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 62.1 заалт дахь “бие даасан” гэдэг үгийг хассанаар ардчилсан зарчмаас ухарч буй хэмээн үзэж буйгаа хэлээд тайлбар хэлсэн. 


    Оролцогчдын тодруулсны дагуу нутгийн өөрөө удирдах ёс болон төрийн удирдлагыг хослуулах зарчим Монгол Улсад нутагшиж байгаа хэдий ч засах, залруулах зүйл бий гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тайлбарлав. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлж болно гэдэг заалтыг тусгаад, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх боломжтой болгох үүднээс улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын өөрийн удирдлага, засаг захиргааны зохион байгуулалтын асуудлыг хуулиар тогтооно хэмээн оруулж өгснөөрөө хотын онцлогийг харьцангуй дэвшил гарган зааж өгч байгаа хэрэг юм гэлээ. 

    Мөн тэрбээр Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлд 60.4 буюу “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно” хэмээх заалтыг нэмж, үүнийгээ органик хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тайлбарлаж байв. 

    Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 57.2 буюу “Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно” гэж тодорхой тусгаж өгсөн гэж үзэж байгаагаа Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Тулга хэлэв. Үүнийгээ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 57.1-д “аймаг, хот, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, тосгон” хэмээн нэгж болон тодорхой зааж өгч болох эсэхийг тэрбээр асуув. Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн гишүүн, профессор доктор А.Бямбажаргал хариулт өгсөн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөх бүрд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид “хот”-ыг хэрхэн тусгах талаар тухай бүр судалж, шийдэл эрэлхийлж ирсэн гэдгийг тэрбээр хэллээ. Хот хэмээх дэлхий нийтийн ойлголт нь нүүдэлчин уламжлалтай манай улстай харьцуулахад өөр. Хот гэдэг нь суурьшмал оршин суугчидтай, засаг захиргаатай, эдэлбэр газартай, дэд бүтцийн нэгдсэн сүлжээтэй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй, жам ёсоороо үүсдэг зүй тогтол гэх зэрэг ойлголт байдаг. Харин засаг захиргааны нэгжийг тогтоодог. 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг батлахдаа дэлхий нийтийн чиг хандлагатай ижлээр “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид л хуваагдана, харин засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хот, тосгон үүсч болно” хэмээн жам ёсны зүйлийг оруулж өгсөн гэлээ. Өнгөрсөн хугацаанд тэгвэл яагаад хот, тосгон жам ёсоороо үүссэнгүй вэ гэдэг асуултад бол эрх мэдэл, эдийн засгийн хувьд хэрхэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэйгээ харьцах талаарх асуудал ямар ч зохицуулалтгүй, бодит ажил болж чадаагүй хэрэг юм гэв. Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд агуулгын хүрээнд яригдаж буй гол асуудал бол “хот үүсч болно, харин хот нь улсын болон орон нутгийн зэрэглэлтэй байж болно гэдгийг тодорхой заагаад өгчихье. Хоёрдугаарт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй хэрхэн харьцах вэ гэдэг хүрээнд эрх шилжүүлэх агуулгаар хотод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хуулиар шилжүүлэх байдлаар энэ давхардал үүсэхгүй юм” агуулгатай гэлээ. 


    Монголын хүн амын дийлэнх нь нүүдэллэдэг байсан, өдгөө хүн амынх нь ¼ нь мал маллаад нүүдэллэж амьдардаг онцлогтой улс орон өөр байхгүй гэдгийг З.Энхболд дарга хэлэв. Далайн орнуудын иргэд нь сайн дураараа нийлээд хот үүсгэдэг схем Монголд нийцэхгүй гэлээ. Тиймээс онол гэхээс илүү өөрсдөд тохирсон хувилбар, арга замыг тодорхойлох шаардлага үүсээд буйг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөлд Дархан, Эрдэнэт гээд хуучин байсан хотууддаа аймгийн засаг захиргааны эрхийг олгох нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Ингэмэгц Сэлэнгэ аймаг, Дархан хот хоёрын дунд газар нутгийн маргаан үүснэ. Иймээс маргааныг шийдвэрлэхээр Үндсэн хуулийн Тавиндолдугаар зүйлийн 57.3 заалтыг өөрчилж байгаа гэв. Сэлэнгэ аймгийн саналыг харгалзах хэдий ч Дархан хотыг тэлэхэд Сэлэнгэ аймаг саад болохгүй байх ёстой. Үүнийг Засгийн газар, Улсын Их Хурал шийдэх нь зүйтэй хэмээн үзсэн гэлээ. Ингэхээр нийслэл хот, Дархан, Эрдэнэт, Чойр шиг аймагтай ижил тэнцүү хотууд, Хөтөл шиг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр оршдог орон нутгийн хот гээд гурван төрлийн хот үүснэ. Эдгээрийг нэг загварт оруулж, нийцүүлэх боломжтой асуудлуудыг нь нэгтгээд, боломжгүй асуудлуудыг нь тус бүрд нь зохицуулсан хууль гаргаж шийдвэрлэх боломж бий гэв. 


    Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслөөр сумын Засаг даргыг ард иргэд сонгодог болж буй нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдын тодруулсны дагуу тайлбарлав. Ийн сонгогдсоноор сумын Засаг дарга төв Засгийн газраа сонсохгүй, тусгаарлаад байх эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ч яригддаг. Тэгвэл ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалт төсөлд мөн бий гэдгийг тэрбээр тайлбарлав. Сумын Засаг дарга нарын хувьд ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь нэн төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөөч гэдэг хүсэлтийг байнга хэлдэг. Үүнийг томруулаад харвал зовлон нь аймагт ч бас бий. Улсын түвшинд харвал Засгийн газар ч төстэй байдалд бий. Манай тогтолцооны гол гажуудлыг засаж, хэсэг бүлэг хүмүүсийн шахалтаас ангид шат шатны гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортойгоор ард олны төлөө ажиллах боломжийг бүрдүүлэхээр Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв. Орон нутагт татвар тогтоох биш харин татварын хувь хэмжээ тогтоох эрхийг шилжүүлэх талаар л төсөлд тусгасан байгааг мөн онцлон тайлбарласан. 

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл “Орхон аймгийн Баян-Өндөр сум нь Булган аймгийн Орхон сумын нутагт байрладаг. Гэр бүлүүд нь хоёр тусдаа байдаг. Бусдын нутаг дээр байдаг учир бүтээн байгуулалт явж чаддаггүй, Булган аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа тул тариалан эрхлэгчид нь зээл, санхүүгийн дэмжлэг авч чаддаггүй” хэмээн тайлбарлаад нэр заан, Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Мөн тэрбээр сумын Засаг даргыг сонгох биш, томилдог байх нь зүйтэй гэдэг хүсэлтээ хэлэв. 

    Ийнхүү хэлэлцүүлэгт оролцогч 28 хүн асуулт асууж, төсөл санаачлагч болон дэд ажлын хэсгийн гишүүд, судлаачдаас хариулт, тайлбар авлаа. “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид үргэлжлүүлэн саналаа хэлж, дээрх сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл