Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа, Ж.Ганбаатар нар Баянгол дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа, Ж.Ганбаатар нар өнөөдөр /2019.06.29/ сонгогдсон  тойрог болох Баянгол дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонсох, сонирхсон асуултад нь хариулт өгөх уулзалтыг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгууллаа.


Танхим дүүрэн иргэд хүрэлцэн ирж, уулзалтад оролцсон.

Уулзалтын эхэнд  гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой байр сууриа илэрхийлж, төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар товч мэдээллийг хийв.

Дараа нь  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан төслийг бүхэлд нь танилцуулсан.

Нэмэлт, өөрчлөлтийн төслийн Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах,  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлыг   дэлгэрэнгүй танилцуулсны дараа иргэд санал, бодлоо илэрхийллээ.


Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Отгон

Үндсэн хуулийн цэцийн даргыг 9 жилээр сонгоно гэж төсөлд заажээ. 9 жил арай хатуудах юм биш үү. Нэг бүтэлгүй нөхөр томилогдчихвол, хуулиар хамгаалуулсан тэр нөхрийг авч хаях гэж бөөн асуудал болох вий.

УИХ цөөхөн  гишүүний саналаар хууль баталж харагдахюм. Заримдаа 20 гишүүн сууж байгаад баталдаг. Тэр ямар чанартай хууль болох вэ!

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн Саямаа

Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн шүүгчийн ажиллах хугацаа арай урт байна гэж үзэж байна. Нэг хүн удаан байхаараа бусдыг захиалгаар хэлмэгдүүлж, хэлмэгдүүлэлт болох вий.

Ерөнхийлөгчийн настай холбогдуулж, хэрвээ эмэгтэй хүн нэр дэвших бол 50 настай байхаар зааж өгнө үү.

УИХ-д нааз захын мэдлэггүй, чадваргүй хүмүүс орж, парламентын нэр хүндийг унагаж байна. Тиймээс хууль мэддэг эсэхэд шалгуур тавьж, зарим хуулиар шалгалт авч, тэнцсэнийг нь нэр дэвшүүлдэг болмоор байна. Хууль мэдэхгүй хүмүүс яаж чанартай хууль батлах юм бэ!

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн Лхагва

Хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлж, бидэнтэй ирж уулзаж байгаа УИХ-ын гишүүддээ баярлалаа.

Худлаа хоосон ярьдаг бус, бодитоор ажил хийдэг хүнийг УИХ, Засгийн газарт сонгох хэрэгтэй. Энэ талаар заалт алга. Үүнийг томъёолж оруулмаар байна.

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Зундуй

Манайхан ер нь монгол хүний ухаанаар хууль, журмаа боловсруулдаг, баталдаг болмоор байна. Гадаадын туршлага судалсан, авсан гэх юм. Монгол ухаанаар, монгол хөрсөн дээрээс боловсорсон хуулиуд баталдаг болох хэрэгтэй.






Иргэд хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн УИХ баталж чадахгүй бол цаашдаа ч чадахгүй. Тиймээс энэ Их Хурал батлаад, улс  нийгэмд гарч байгаа алдаа дутагдлыг засаж залруулаасай” хэмээн саналаа хэлэв.

Иргэд асуулт асууж, санал бодлоо хэлсний дараа иргэдийн асуултад УИХ-ын гишүүд хариулт өглөө.

Хариу тайлбар өгч хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Иргэдийн санал янз бүр байна. Нэг асуудлыг хоёр иргэн сууж байгаад санал өгөхдөө нэг нь дэмждэг, нөгөө нь эсэргүүцдэг. Тиймээс иргэдийн олонхийн санал яаж гарснаар тухайн асуудлыг томъёолох болно” гэж тодотгож хэллээ.

Тэрбээр мөн “Төр тогтворгүй болвол улам л улс орны байдал хүндрэх гээд байгаа учир ямар ч байсан энэ удаад энэ хэмжээний өөрчлөлт хийе гэж үзэж байгаа юм.

Энэ өөрчлөлтийг дагаж органик 25 хуулинд өөрчлөлт хийхээр төлөвлөж, манай Төрийн байгуулалтын байнгын хорооны ажилтнууд 12 хуулийн төсөл дээр яг одоо сууж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэг номерийн эрх ашиг бол Монгол Улс, хоёрдугаарт 3.2 сая иргэн, дараа нь ирээдүйд гарах үр хүүхдүүд юм. Улс төрийн нам, хувь улстөрчийг бодсон асуудал энд огт байхгүй. Ингэж л бодож бид энэ өөрчлөлтийг хийж байгаа” хэмээн иргэдийн асуултад хариулахдаа төгсгөлд нь тэмдэглэж хэлэв.

Энэ үеэр Баянгол дүүргийн 23 хорооны 1000 иргэний саналыг урьдчилж бичгээр авсныг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцанд хүлээлгэж өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл