Цэс

Холбоо барих

Бага хүүтэй, барьцаагүй, 20.0 сая төгрөг хүртэлх хэмжээтэй Итгэлийн зээл олгох хуулийн төсөл санаачилжээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, М.Билэгт, Г.Мөнхцэцэг нар уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын иргэдийн багагүй хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу тогтмол бус, бага орлоготой байгаа тул тэдний орлогыг нэмэгдүүлэх, өрхийн болон бичил бизнесийг төрийн зүгээс дэмжих шаардлагатай байгаа юм. Гэвч бизнес эрхлэх сонирхолтой тэдгээр иргэдэд зээлийн хүрэлцээ бага, хүү өндөр, барьцаа хөрөнгө байхгүй зэрэг хүндрэлүүд тулгардаг.

Тиймээс бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй, санхүүгийн уян хатан нөхцөлтэй бага дүнтэй зээлийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх зорилгоор Итгэлийн зээл бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэх ажил 2016 оноос эхэлсэн байна.

Улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлт бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжих, иргэдийн амьдралыг сайжруулах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангаж, зорилтот бүлэгт хөнгөн шуурхай, чирэгдэлгүй зээлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бий болгох бүтээгдэхүүн гаргахын тулд энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Итгэлийн зээл эхний ээлжинд 200-300 тэрбумын санхүүжилттэй байх ба энэ нь Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 88.0 их наяд төгрөгийн зээлийн 0.22 хувийг эзэлж байгаа тул банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Монгол Улсын хэмжээнд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20.0 сая төгрөг хүртэлх зээл авсан байна. Итгэлийн зээлийн дээд хязгаар 20.0 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэх юм.

Хуулийн төсөл батлагдсанаар:

-       Өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг болно;

-  Өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад эергээр нөлөөлөн, эдийн засгийг хөгжлийг дэмжинэ;

-      Өрхийн дундаж орлого нэмэгдэхээс гадна санхүүгийн сахилга бат, хувь хүний чадавхийг дээшлүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад эергээр нөлөөлнө;

-       Иргэдийн санхүүгийн боловсрол, сахилга хариуцлага сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байна.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл