Цэс

Холбоо барих

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлуудын явцтай үр дүнг нь хянах зорилгоор танилцав

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2020.01.15/ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагуудын хийж буй ажилтай танилцаж, үр дүнг нь хянах зорилгоор ажиллав. 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг болон УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Мурат нар холбогдох албан тушаалтнуудын хамтаар эхлээд Чингэлтэй дүүрэгт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн “Дөлгөөн нуур-3” дундын баазад очлоо. 


Үйлдвэрээс ачиж ирсэн сайжруулсан түлшийг 25 кг-ын шуудайд савлан, түгээлтийн цэгүүд рүү хүргүүлэх үйл ажиллагаа энд явагддаг байна. 

Энд ажиллах үеэр сайжруулсан түлшний хомсдол үүсээгүй, савлалт, түгээлт хэвийн байгааг холбогдох албан тушаалтнууд тайлбарлалаа.

“Хоёр цаг тутам дүүргүүдэд байрласан ийм дундын баазуудаас түгээлтийн цэгүүд рүү ачилт  хийдэг бөгөөд иргэд сайжруулсан түлш дууссан цэгт очоод түлш байхгүй үе таарвал тасарчихаж гэж ойлгодог. Хоёр цаг тутам ачилт хийж байгаа учир хэсэг хугацааны дараа тухайн цэгт түлш хүргэгдсэн байх болно” хэмээн тайлбарласан юм.  


Сайжруулсан түлштэй холбоотой тус түлшийг савлан худалдаанд гаргадаг гялгар шуудайг хог болгож үлдээх үү, буцааж авч ашиглах уу гэдэг асуудал тулгамдаж байгааг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар хөндөж, энэ талаар албан тушаалтнуудаас тодруулахад, “Дахин хэрэглээний шаардлага хангахгүй учир буцааж авах боломжгүй байдаг. Харин боловсруулалтад оруулж, өөр байдлаар ашиглах үндэсний төсөл хэрэгжүүлэх үү, эсвэл ирэх жилээс нүүрстэйгээ хамт түлэхэд хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй савлагаатай болгох уу гэдэг асуудал яригдаж байна, удахгүй шийдэгдэнэ” гэв. 


Мөн энэ үеэр албан тушаалтнууд Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын агууламжийг өмнөх оны жилийн дундаж агууламжтай харьцуулахад утаа болон PM 2.5 тоосонцрын үзүүлэлт эрс буурсан талаар тодорхой тоо баримттайгаар танилцууллаа.  

Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн ажилтан “Сайжруулсан түлшнээс өдөрт хоёр удаа дээж авч, шинжилж байна, Хүний эрүүл мэндэд хортой бодис илрэхгүй байгаа” гэсэн мэдээлэл өгөв. 

Дараа нь хийн халаалтыг иргэдэд танилцуулах сургалт явагдаж байгаа  Чингэлтэй дүүргийн мэдээлэл, инновацийн төвд очлоо. 


Уаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хувийн хэвшлээс хийж байгаа ажлуудын нэг нь энэхүү “Хийн шийдэл”  төсөл болох талаар энд яригдсан юм.  

Гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулах ажлын явц, үр дүнг хянах зорилгоор дараа нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны айл өрхүүдээр оров. 

Иргэд энэ үеэр сайжруулсан түлшээ түлэх дуртай болсон, түүхий нүүрснээс илч сайтай, тортог бага гардаг. Картаараа долоо хоногт арван шуудай түлш авах эрхтэй байдаг. 10 шуудай түлшнийхээ 7-8 шуудайг  нь түлээд, илүү гарсныгаа нөөцөлдөг  хэмээлээ. 

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг энэ долоо хоногоос айл өрхүүдэд суурилуулж эхэлсэн бөгөөд энэ сардаа багтаж дуусна. Хэрэглээний стандарт манай улсад нэвтрээгүйн улмаас өнгөрсөн хугацаанд стандартаа батлуулаад, одоо суурилуулж эхэлж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тайлбарлав. 

Дараа нь нам даралтын уурын зууханд тавьсан шүүлтүүр утааг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна уу гэдгийг хянахаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Түвшин Ундраа” ХХК-д очлоо. 

Уурын зуухны галч “Гал дөнгөж ноцож асч байхад бага зэрэг утаа гардаг, ассанаасаа хойш огт утаа мэдрэгдэггүй” гэв. 

Улаанбаатар хотын дэд бүтэцд холбогдоогүй хэсэгт байрладаг 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан  байгаа юм. 


Ирэх өвлөөс дээрх нам даралтын уурын зуухтай аж ахуйн нэгжүүдэд түүхий нүүрс түлэх зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг Хотын дарга саяхан гаргасан. Хийн болон цахилгаан халаалтад шилжих, эсвэл сайжруулсан шахмал түлшээ хэрэглэх болно гэдгийг холбогдох албан тушаалтнууд энэ үеэр танилцууллаа. 

Төгсгөлд нь Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн их багтаамжийн дизель хөдөлгүүрийн автобуснуудад суурилуулсан дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүх төхөөрөмжийн ажиллагаа болон уг төхөөрөмжийг суурилуулсан нь агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх ажил болж чадсан уу гэдгийг сонирхсон юм.  

Энэ үеэр  тус нэгтгэлийнхэн зорчигч тээврийн арван цахилгаан автобусыг хотын төвийн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргахад бэлэн болгосон талаар ярилаа. 



Уг цахилгаан автобусыг 15 минутын хугацаанд зориулалтын цэгээс бүрэн цэнэглэснээр хүйтний улиралд 85 км, дулааны улиралд 200 км явах чадалтай. Туршилт үр дүнтэй болсноор нэмж цахилгаан автобуснуудыг оруулж ирнэ гэв. 

Ийнхүү ажилласныхаа дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас судалж, хэрэгжүүлэн хийж байгаа ажил бүхэн зохих хэмжээгээр үр дүнгээ өгч байгааг дурьдаад, цаашид сайн технологиудыг олж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Үр дүнд нь ирэх жилүүдэд зөвхөн Улаанбаатар гэлтгүй төвлөрөл ихээр үүссэн аймаг, нийслэлийн алслагдсан  дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлнэ. 


УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр гаргасан 01 дүгээр тогтоолоороо утааг бууруулахаар Засгийн газарт чиглэл болгосон олон чухал асуудлууд шийдэгдэж, ажил хэрэг болсон байна хэмээн тэмдэглэв.  

Тэрбээр мөн 2012-2106 онуудад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажилд 750 тэрбум төгрөг зарцуулаад үр дүнд хүрээгүй. Ийм их мөнгийг үргүй зарцуулсан талаар аудитын дүгнэлт гарсан. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд 75 тэрбум төгрөгөөр хийсэн ажлын үр дүнгээс утаанаас салах бүрэн боломж байгааг харж байна хэмээн  тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл