Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаархи анхдугаар зөвлөлдөх санал асуулгын өнөөдрийн /2017.04.30/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийг хэлэлцлээ.
Энэхүү сэдвийн нэгдсэн хуралдааныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан даргалж, хэсгүүдээс тавьсан асуултад Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sс.D), профессор Ч.Энхбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Д.Баатарсайхан, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг нарын экспертүүд хариулт өгсөн юм.
Дээрхи үндсэн сэдвийн хүрээнд:
· Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох
· Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх.
· Төрийн алба улс төрөөс ангид байна. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Монгол Улсын Үндсэн хуульд нэмж оруулах гэсэн гурван саналыг хэлэлцүүлэхээр танилцуулж, хэсэг тус бүр хэлэлцсэн билээ.
Ингээд нэгдсэн хуралдаанд хэсгүүдээс ирүүлсэн асуултуудад экспертүүд хариулт өглөө.
8, 12, 24 дүгээр хэсгээс Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгох тулгамдсан шаардлага бий юу. Ингэснээр улстөрөөс хараат бус байж чадах уу гэсэн асуултыг тавьсан.
Эксперт Ч.Энхбаатар, Төрийн албаны тогтолцоонд хамгийн их хор учруулж буй хоёр зүйл бий гээд энэ нь авлига, сонгуулийн дараа хийгддэг халаа сэлгээ гэлээ. Төрийн албаны эрх зүйн байдлыг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халсан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж, тухайн албан тушаалтантай хариуцлага тооцох боломжтой болно хэмээн тэрбээр тодотгосон.
Эксперт М.Батчимэг, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн албаны зөвлөлийн улс төрөөс хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулах гэж байгаа гэж би ойлгож байгаа. Төрийн алба улс төрийн золиос, намуудын тоглоом болоод байгаа учир дээр хэлсэн зарчмыг Үндсэн хуулиар тогтоох нь зүйтэй гэж хариулсан.
1, 3, 26 дугаар хэсгээс дээр яригдаад байгаа асуудлыг Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох замаар шийдэх боломж бий юу гэсэн асуулт тавьсан.
Эксперт Д.Тогтохсүрэн, Үндсэн хуульд төрийн албаны талаар тун бүрхэг тусгагдсан. Төрийн алба улс төрөөс ангид байх, төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх зэрэг таван үндсэн зарчмыг Үндсэн хуульд тусгах саналтай байгаа. Ингэж чадвал бусад асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаад явах боломжтой гэж үзэж байгаа гэлээ.
1, 17, 38, 48 дугаар хэсгээс Сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг халах явдал байнга гардаг. Үүнээс хамгаалж Үндсэн хуульд ямар заалт оруулах вэ гэсэн асуулт тавив.
Эксперт Д.Тогтохсүрэн, Улстөрийн сонгуулийн дараа төрийн албан хаагчдын халаа сэлгээг бүтцийн өөрчлөлт нэрээ хийдэг. Үүнийг болиулах нэг гарц нь яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах. Ингэснээр яамдын нэр солигдож, бүтэц орон тоо өөрчлөгдсөн нэрээр төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно. Цаашдаа салбар хуулиудаар ажлын байранд тавигдах шаардлагуудыг нарийвчилж өгөх шаардлага бий гэсэн бол эксперт М.Батчимэг, сонгуулийн дараа ажлаасаа өөрчлөгдсөн төрийн албан хаагчдын тоо 10 мянга давдаг. Гэтэл олон оронд төрийн албан хаагчдын тогтвортой ажиллах нөхцөлийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан байдаг. Бид ч ийм зохицуулалт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа гэсэн хариултыг өглөө.
31, 39, 40 дүгээр хэсгээс төрийн алба улстөрөөс ангид байх, мерит байх зарчмыг Үндсэн хуульд тусгаснаар ямар үр дүн гарах вэ гэж асуув.
Эксперт Ч.Энхбаатар, Д.Баатарсайхан, Д.Тогтохсүрэн нар Энэ зарчмууд Үндсэн хуульд туссанаар төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан албан тушаалтантай хариуцлага тооцох боломжтой болж, Төрийн албаны зөвлөл жинхэнэ утгаараа төрийн албан хаагчдыг хамгаалдаг манаач болно хэмээн хариулсан юм.
Ингээд “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийн хэлэлцүүлэг өндөрлөж, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг хэлэлцэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.