Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.17) үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9-д “Төсвийн төслийг дараахь 4 үе шаттайгаар хэлэлцэнэ”, 25.9.1-д “нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд төсвийн төслийн талаар нэгдсэн хуралдаанд илтгэл тавина” хэмээн заасан байдаг. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд төслийн төслийн талаар танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан, үдээс хойших хуралдаан асуулт, хариултаар үргэлжилсэн. 


    Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Б.Баттөмөр нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүн, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, тайлбар авсан. Засгийн газар сүүлийн жилүүдэд макро түвшний олон асуудал шийдвэрлэж ажилласныг гишүүд тэмдэглэж байв. Нийтдээ 700 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангах бүтээн байгуулалтын монголын талаас гаргах 10 хувийн хөрөнгө оруулалт буюу 70 орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан эсэхийг О.Батнасан гишүүн тодруулж, Ч.Хүрэлбаатар сайдаас тайлбар авав. 2016-2019 он эдийн засгийн хүнд сорилтыг туулсан жилүүд байсан гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлж байв. Хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг нэмэх болгох, өрийн дарамтыг бууруулж, төсвийн алдагдлыг багасгах, төсвийн сахилга батыг сайжруулах, ОУВС-тай хамтран ажилласны үр дүнд дампуурлын ирмэг дээр байсныг өнөөдрийн түвшинд хүргэхээр Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан болохыг тэрбээр дурдсан. Өнөөдрийн хэлэлцэж буй төсвийн төслийг ач холбогдлыг тэрбээр чухалчлаад, аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлсэн эсэхийг лавласан юм. Түүнчлэн гадаад болон дотоод эрсдэл өндөр байгаа учраас төсвийн орлогыг бодитой төлөвлөх, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хангалтгүй байгааг анхаарах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн өртөгт хязгаар тогтоох аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай гэдэг саналыг хэллээ. 13.8 их наяд төгрөгийн зарлагатай, 11.7 их наяд төгрөгийн орлоготой, хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг хэлэлцэж буйг тэрбээр онцлоод төсвийн алдагдлын талаарх төлөвлөлтийн талаар тодруулсан. 

    Сангийн сайд, АНУ, БНХАУ-ын хооронд болж буй худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн эрсдэл учруулж байгаа, санхүүгийн зах зээлд хуримтлагдаад буй эмзэг байдал, БНХАУ-ын эдийн засгийн бууралт ирэх оны төсвийн жилийн гадаад эрсдэлд зүй ёсоор тооцогдож байгааг тайлбарлав. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл, “саарал жагсаалт”-тай холбоотойгоор банкуудын активын эх үүсвэрийн шалгалт банкуудтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд, өвөлжилтийн нөхцөл байдал зэрэг дотоод эрсдлүүд бий тул нөхцөл байдлыг бодитоор үнэлсний үндсэн дээр тооцоо, судалгааг хийж төсвийн төслийг боловсруулсан байна. Хоёр их наяд төгрөгийн алдагдал нь тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал бөгөөд нийт орлого, тэнцвэржүүлсэн орлого гэдэг ялгаатай ойлголт хэмээн тайлбарласан. Тэнцвэржүүлсэн орлогод тогтворжуулалтын болон “Ирээдүй өв сан”-гийн орлого тооцогдоогүй болохыг хэлж байв. Эдгээрийг тооцвол нэг их наяд төгрөгийн алдагдал гэж тооцож болох ч гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд төсөвт орлого талд бүртгэлгүй, зөвхөн зардал хэмээн бүртгэгддэг учраас төсвийн алдагдал болж харагддаг гэлээ. Ямар ч тохиолдолд төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээл, бонд гаргах хэлбэрээр нөхөхгүй гэдэг зарчмыг Сангийн яам баримталжээ. Эдийн засгийн өсөлтийг хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг л улсын төсвөөс санхүүжүүлэх зарчим баримталж байгаагаа Сангийн сайд хэлсэн. 100 төгрөг зарцуулаад 48 төгрөг нь л эргэн төлөгдөж, үлдсэн 52 төгрөг нь алдагдал болдог сангууд руу хөрөнгө оруулах юм бол үр дүнгүй, улмаар эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг бууруулна хэмээн үзжээ. Төсвийн төслийг “ил тод, үр ашигтай, цахим” хэмээн тодотгон томъёолсон бөгөөд эдгээрийг хангах, хэрэгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг хэлсэн. 


    Эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд төсвийн хэмнэлтийн хүрээнд батлан хамгаалах салбарын нийгмийн хамгааллыг дордуулсан 4 өөрчлөлтийг хийсэн. Эдийн засаг өсөлттэй болж, төсөв ашигтай болох үед зохих ёсоор шийдвэрлэнэ хэмээн Сангийн яам, Засгийн газраас хэлж байсан, эдгээр шийдвэрээ эргэн харахыг Ж.Энхбаяр гишүүн сануулж байв. 

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ирэх оны улсын төсөв нь  ядуурлыг бууруулах, баялаг бүтээх, ажлын байр бий болгох, аж ахуйн нэгжээ дэмжих, үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлсон байх шаардлагын талаар санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн худалдаа нь улсын төсөвт ямар ч орлого, ашиг авчирдаггүйг шүүмжлээд байгалийн баялаг ашиглалтын чиглэлээр төр тусгай бодлого гарган, баялгийн оновчтой, үр ашигтай, хүртээмжтэй менежментийг хэрэгжүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ. 

    Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун концессын гэрээний өртгийн өсөлтийг шүүмжилсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат аймгуудын төсвийн хуваарилалт илт зөрүүтэй байгааг шүүмжилж байв. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нийгмийн хамгааллын чиглэлээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх төсвийг төсөлд тусгасан байгааг онцоллоо. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Эрүүл мэндийн даатгалын сангаас төр-хувийн хэвшлийн эрүүл мэндийн тарифын зардлыг адил олгох тухай хуулийн төслүүдийн хүрээнд олон жил яригдсан асуудлуудыг энэ удаагийн төсвийн төсөлд шийдвэрлэн, засаж залруулан зөв голдиролд оруулах алхамыг хийж, ахиц дэвшил гаргаж буй ач холбогдлыг тэмдэглэн хэлсэн. 


    Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Д.Ганболд, Х.Нямбаатар нар нийслэлийн хөрөнгө оруулалт, төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэхтэй холбоотой тайлбар, мэдээлэл, саналыг гаргаж, Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагаас хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Төсвийн орлогын бүрдүүлэлтэд чухал байр суурь эзэлдэг Өмнөговь, Орхон аймгуудын төсвийг нэмэгдүүлэх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, О.Содбилэг нар гаргаж, Сангийн сайдаас хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн сал барыг төрөөс дэмжих асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагын талаар санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд төсвийн төслийн хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, Засаг дарга нарыг оролцуулан байр суурийг сонсох, төсвийн төслийг уялдуулах чиглэлээр тодорхой ажлыг төсвийн төслийн дөрвөн шатны хэлэлцүүлгийн аль нэгд хийх саналыг гаргасан. Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9.2-т “хоёр дахь хэлэлцүүлгээр бүх Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо төсвийн төслийг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж гарсан санал, дүгнэлтийг томъёолон Төсвийн байнгын хороонд өгөх ба тус хороо эдгээр болон гишүүдийн гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд нэгдсэн хуралдаан санал тус бүрээр ил санал хураалт явуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороо, намын бүлгүүд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл