Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль (шинэчилсэн найруулга) -ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг анх 1997 онд баталсан бөгөөд өнгөрсөн 22 жилийн хугацаанд өөрчлөн найруулах хэмжээнд явж ирсэн. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог хангах, урамшуулах, шинэ арга барилаар тэмцэхэд тус хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага гарсан.
Хуулийн зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох юм.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, бодлогын нэгдмэл байдлыг тодорхойлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа субъектүүдээс бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх харилцаанд үйлчлэхээр зохицуулагдсан бол хуучин үйлчилж байсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль нь зөвхөн олон нийтийн нүдэнд ил байдаг гэмт хэргийн хэсэгт буюу хулгай, дээрэм гэх зэрэг түгээмэл гэмт хэрэгтэй олон нийтийн эргүүл, харуул, жижүүр зохион байгуулах замаар урьдчилан сэргийлэх утга, агуулгатай байсан.
Нэгдүгээр бүлэгт: хуулийн зорилт, хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын тодорхойлолт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго, үндсэн зарчмыг тусгасан. Тухайлбал: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь цогц, тогтвортой, уялдаа холбоотой байх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлэхгүй байх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ нь судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх, олон нийтийн оролцоонд түшиглэсэн, хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн байх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг зарчмуудыг нэмж тусгасан.
Хоёрдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зохицуулалтууд орсон бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл байхаар тусгаж, ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн чиглэлээс гадна, анх удаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэл болон гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг нэмж, чиглэл бүрийн хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгалаа.
Соён гэгээрүүлэх чиглэлийн хүрээнд өөрийн зан үйл, дадал зуршил, эрхэлж байгаа үйл ажиллагааны онцлогоос хамааран гэмт хэрэг, зөрчилд өртөх эрсдэл бүхий хүн, хуулийн этгээдийн хүрээг тодорхойлох, тэдгээрийн гэмт хэрэгт өртөх, хохирохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
Гуравдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын болон засаг захиргааны нэгжийн хэмжээнд уялдуулан зохицуулах талаарх зохицуулалтыг тусгасан бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхдээ бодлого боловсруулах, төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх замаар зохион байгуулна. Түүнчлэн энэхүү бүлэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг уялдуулан зохицуулах арга хэлбэр, тус чиг үүргийг хэрэгжүүлэх Зохицуулах зөвлөл, салбар зөвлөл, дэд зөвлөлийн эрх хэмжээ, эрх зүйн байдлыг шинээр тодорхойлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг уялдуулан зохицуулах тухай зохицуулалтыг тусгажээ.
Дөрөвдүгээр бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн оролцооны талаарх зохицуулалтыг тусгасан байна. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд бүхий л шатны төрийн байгууллагууд тэргүүлэх үүрэгтэй оролцох, тэдгээрийн үүргийг өргөжүүлсэн.
Тавдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах нийт зургаан хэлбэрийг тусгасан бөгөөд эдгээр нь урамшуулах, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах, олон нийтийн шинэ санаачлагыг дэмжих, олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог хангах баталгааг бүрдүүлэх хэлбэртэй байхаар хуульчиллаа.
Зургадугаар бүлэгт: гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тавихтай холбоотой зохицуулалтыг тусгаж, хорих байгууллагаас суллагдсан этгээдэд нийгмийн амьдралд эргэн ороход нь тусламж, дэмжлэг үзүүлэхэд анхаарч, хэвийн ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэхээр хуульчиллаа.
Долдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийн хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгож, хөрөнгийг зарцуулах зориулалтыг өргөжүүлж, эдгээр зохицуулалттай уялдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлын талаарх зохицуулалтыг тусгасан.
Наймдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхлэх болон хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан.
Улсын Их Хурлын Тамгын газар