Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах
тухай хуулийн төсөл
“Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох шаталсан судалгаа”, ”Халдварт бус өвний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох судалгаа”, “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа” болон эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад тамхины хэрэглээний тархалт дорвитой буурахгүй байна гэж эрүүл мэндийн байгууллагаас үзсэн байна. Тухайлбал, судалгаагаар 15 ба түүнээс дээш насны хүн амын 27.1 хувь буюу гуравны нэг, үүнээс эрэгтэйчүүдийн 49.1 хувь буюу хоёрны нэг нь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татаж байгаа бөгөөд 5 жилийн өмнөх судалгаатай харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 1.1 хувиар нэмэгдэж, эмэгтэйчүүдийнх 1.6 хувиар буурчээ.
Мөн ЕБС-ийн 13-15 насны эрэгтэй сурагчдын 20.3 хувь, эмэгтэй сурагчдын 8.3 хувь нь тамхи татдаг, судалгаанд хамрагдсан сурагчдын 42.4 хувь нь гэртээ, 49.8 хувь нь олон нийтийн газарт тамхины утаанд өртдөг болох нь тогтоогдсон байна.
Иймд тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам батлах, тухайн жилд импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээг тогтоох эрх олгох талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
2. Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зэх зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр болгон өөрчилсөн байна. Тус хэлэлцээр Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 гишүүн оронтой аж.
Хэлэлцээрийн хавсралтууд болон нэмэлт, өөрчлөлтөөр гишүүн улс орнуудын хоорондхи экспорт, импортын бараанд тусгай хөнгөлөлт олгож, барааны болон үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны механизм бий болгох чухал ач холбогдолтой юм байна. Одоогийн байдлаар хэлэлцээрийн оролцогч улсууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээгээр 10.000 гаруй бараа бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүрэг хүлээсэн байна.
Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, 2011 онд хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасан байна. Үүний дагуу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улсууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг гарган, 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжжээ.
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг аж. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зэх зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм.
3.