Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар Төрийн ордноо амжилттай болж өндөрлөлөө.
Гурван өдрийн турш өрнөсөн энэхүү семинарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр хамтран зохион байгуулсан юм.
Монгол Улсын хэмжээнд нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд судалгааны ажил, шийдвэр гаргагчдын хоорондын уялдаа холбоог сайжруулах, зохих чадавхыг хөгжүүлэх зорилгоор “Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал”, “Институцууд, хүний эрх, тэгш бус байдал”, “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” гэсэн үндсэн гурван багц асуудлын хүрээнд арав гаруй сэдвийг хөндөж, хэлэлцлээ.
Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн тэгш бус байдлыг бууруулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Улс орнуудад баялгийн тэгш бус хуваарилалт, орлогын тэгш биш байдал, нийгмийн тодорхой бүлгийн хүмүүст тэгш бус боломж олгох зэрэг нь нийгмийн тэгш бус байдал үүсэхэд нөлөөлдөг.
Иймд бусад улс орнуудын туршлагаас суралцахын зэрэгцээ өөрийн орны уламжлал, соёл, байгаль орчин, цаг уур зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж, түүнд тохирсон, алсыг харсан төрийн бодлогыг боловсруулах хэрэгтэйг ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули хэлсэн үгэндээ онцлов.
Тэрбээр, “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад гурван чухал
зүйлийг харах хэрэгтэй. Үүнд,
- Өөрчлөлт (сорилт) - Төрийн бодлого тогтвортой байх ёстой ч аливаа (байгалийн, технологийн, нийгмийн… гэх мэт) өөрчлөлтөд зохицох чадвартай байх хэрэгтэй. Эдгээр өөрчлөлтийг урьдчилан тааварлах боломжгүй байдаг.
- Оршихуйн илрэл - Өөрийн онцлогт тохирсон, дээрх өөрчлөлтүүдэд нийцсэн шийдэл, гарцтай болох,
- Тэсвэртэй байх хэрэгтэй. Та бүхэн техникийн болон арга зүйн тусламж, дэмжлэг шаардлагатай тодорхой саналуудаа өгөх боломжтой. Бидний зүгээс хамтран ажиллахдаа таатай байх болно.” гэв.
УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийн нөлөөлөх байдал” сэдвээр товч мэдээлэл хийлээ.
Тус хэлтсээс 2016 оноос хойш буюу шинэ парламент бүрэлдсэнээс хойших хугацаанд УИХ-ын гишүүдийн хууль боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай 40 орчим шинжлэх ухааны судалгаа хийсэн байна. Үндсэн хуульд заасан эрх үүргийн хүрээнд УИХ нь баталсан хууль, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй байдаг. Өнгөрсөн онд 171 хуулийг боловсронгуй болгох хүрээнд УИХ-аас 20 ажлын хэсгийг байгуулсан. Түүнд давхардсан тоогоор 128 гишүүн ажиллаж, хуулийн хэрэгжилттэй биечлэн танилцсан байна. Мөн Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу хяналт тавьдаг. Бодит байдалд хууль тогтоомж батлагдан гарсан ч хэрэгжилт хангалтгүй байдаг бөгөөд нийгмийн тэгш бус байдал бий болоход Засгийн газрын тогтворгүй байдал нөлөөлж байгааг тэрбээр танилцуулгадаа дурдсан юм. Мөн чадварлаг, тогтвортой, хараат бусаар ажилладаг парламентын судалгаа, шинжилгээний нэгжтэй болох тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.
Монгол Улсад нэг хүнд ногдох ДНБ өсөж байгаа ч ядуурлын түвшин дорвитой буурахгүй, гурван хүн тутмын нэг нь ядуу байсаар байна. Ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.1 хувьтай болж, мнөх жилүүдээс бага зэрэг буурсан. Нийгэм дэх орлогын ялгаанаас үүдэлтэй эрх мэдэл, баялгийн тэгш бус хуваарилалтыг багасгах нь Монгол Улсын төрийн тулгамдсан асуудал болсон. Нийгмийн энэ байдлыг бууруулахад эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн олон судалгааны ажил шийдвэр гаргагчдад хүрэхгүй байгаад судлаачид шүүмжлэлтэй хандаж байлаа.
Ядуурлын нэг шалтгаан нь боловсролын түвшин буюу мэдлэгийн тэгш бус байдал юм. Үүнээс болж сургууль завсардах, сургуулийн гадна үлддэг. Цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн математикийн болон унших чадварын гүйцэтгэлийн дундаж түвшин цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийнхээс хот,хөдөөд ялгаагүйгээр өндөр байдгийг МУБИС-ийн нийгмийн ухааны тэнхимийн дэд профессор С.Түмэнгэрэл “Боловсролыг хэлэлцье – Тэгш бус байдлыг бууруулж чадах уу?” илтгэлдээ дурдав. Өрхийн тэргүүлэгчийн боловсрол өндөр байх тусам ядууралд өртөх нь бага байдаг байна. Мөн багшийн чадвар боловсролын чанарт шууд нөлөөлж байгаа нь судалгаанаас харагддаг. Хувийн сургуулиуд чадвартай багш нарт сайн цалин өгч ажиллуулдаг учраас өмчийн хэлбэр харгалзахгүйгээр багш нарын цалин, нийгмийн баталгааг сайжруулах хэрэгтэйг ч тэрбээр хэлсэн юм.
Гурван өдрийн турш хэлэлцсэн асуудлуудын хүрээнд семинарт оролцогчид шийдвэр гаргагчид, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийнхэнд, олон нийт зэрэг бүхий л сонирхогч, оролцогч талуудад хандан Зөвлөмж гаргахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.