Цэс

Холбоо барих

2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн суралцагчид, 2023 он гэхэд 1-12 ангийн бүх суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.17 цагт 56 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсний дагуу сургуулийн дэргэдэх туслах аж ахуй нь ашгийн төлөө бус байх, хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжтай холбоотой зохицуулалтыг сонголттой болгох, Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчийг өдрийн хоолны үйлчилгээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хамруулахаар Засгийн газарт даалгах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Ажлын хэсгээс боловсруулсныг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хороогоор дэмжигдсэн саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа.


Хууль батлагдсаны дараа хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Хүүхдийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй халуун хоол ундаар тэгш, хүртээмжтэй хангах эрх зүйн орчин бүрдсэнийг онцолсон юм.

Тэрбээр, сургууль бүр стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн газар, мэргэжлийн хүний нөөцтэйгөөр хоолны үйлчилгээ үзүүлж сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжих боломж бүрдэж байгааг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газар хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, аюулгүй хоол хүнсээр хангахад чиглэсэн, шаардлагатай төсөв, хөрөнгийг тухай бүр шийдвэрлэн ажиллахыг Улсын Их Хурлаас даалгаж буйг дуулгалаа.

Хууль батлагдсанаар дэлхийн 169 гаруй оронд хэрэгжиж буй олон улсын нэр хүнд бүхий жишиг хөтөлбөрийг Монгол Улс хэрэгжүүлэх болсноор Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцөл бүрдэж, ирээдүйн эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн том ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалт болж байна гэлээ.

2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 ангийн бүх суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах юм.

Мөн хуралдаанаар Дараа нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Бага, дунд боловсролын тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Дараа нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа 

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д “Бусад байнгын хороо Үндсэн чиглэлийг хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд өгнө.” гэсний дагуу Байнгын хороодын санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураажээ. Тухайлбал:

Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хороо: “Шинээр барих гал унтраах, аврах ангийн барилгын тоог нэмэгдүүлэх”, “Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх”, “Иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах чадварыг сайжруулах", “Бие бүрэлдэхүүнийг чадваржуулах” гэснийг “зэвсэг, техник, хувцас, хэрэглэл болон материаллаг баазыг бэхжүүлэх” гэсэн саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлтдээ тусгасан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: “Өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжид цахилгааны хэрэглээний хөнгөлөлт үзүүлэх”, “Нөөцийн махны хэмжээ, эх үүсвэрийг нэмэгдүүлэх,” “Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх”, “Хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын цогцолбор төв барих”, “Уул уурхай, хүнд үйлдвэрийг суурьшлын бүсээс гаргах, дахин төлөвлөх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах”, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах”, “Ноолуур” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмж тусгахаар санал хурааж шийдвэрлэжээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо: “Соёлын баримтат өвийг хамгаалах, музей, түүх, соёлын өвийн сэргээн засварлалтын ажлыг эрчимжүүлэх”, “ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, “Бурхан Халдун уулын соёлын өвийн менежментийн захиргааг байгуулах”, “Эмнэлгийн ажилтнуудыг В вирусын эсрэг дархлаажуулалтад 100 хувь хамруулах” гэсэн төсөл арга, хэмжээг нэмэх саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлт гаргасан байна.

Хууль зүйн байнгын хороо: “Үндэсний гадаад паспортод бичилт хийх, программ хангамж тоног төхөөрөмж нийлүүлэх”, “Сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагыг техник, хэрэгслээр хангах” зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмэхийг дэмжсэн байна.

Эдийн засгийн байнгын хороо: “Иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх”, “Нийслэл, аймгийн төвүүдийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн хийх”, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барилгын ажлыг үргэлжлүүлэх”, “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг эхлүүлэх”, “Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн төвүүдийн техник, тоног төхөөрөмж, компьютерийг шинэчлэн нийлүүлэх”, “Сонгуулийн санал тооллогын техник хэрэгслийг шинэчлэх арга хэмжээ авах", “Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зэрэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хороодоос төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг ирүүлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны дэмжсэн болоод дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталлаа.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Төсвийн байнгын хороо 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар  дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуулийн төслийн талаар анхны хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул өргөн мэдүүлсэн төслийн хэмжээнд эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.


Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх эсэх тухай зохицуулалт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1 дэх хэсгийн “Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна", 10.1 дэх хэсгийн “мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч ажиллана”, 10.3 дахь хэсгийн “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.” гэж заасантай зөрчилдөж байгаа нь тогтоогдсон тул Эдийн засгийн байнгын хорооны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцээд зөрчлийг арилгахыг дэмжсэн санал, дүгнэлт гаргажээ.

Эдийн засгийн байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн томьёолж, санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 30.3, 30.4 дэх хэсгийг өөрчлөн найруулсан бөгөөд Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харилцаа холбооны улсын байцаагч ажиллаж болно. Зохицуулах хороо болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажиллах улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу олгоно хэмээн өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхын саналаар анхны хэлэлцүүлгээр баталсан юм.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.


Эдийн засгийн байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 05 дугаар сарын 29-ний өдөр хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд:

·      тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг баталж байхаар;

·      олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулахаар тусгажээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхэнд радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах мөн тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж байхаар тус тус зарчмын саналыг тусгасан байна.

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркыг үйлдвэрлэх, хадгалах бодлогын зохицуулалт хангалтгүй байсныг Засгийн газар баталж байх зохицуулалтыг оруулжээ. Түүнчлэн шуудангийн маркын тодорхойлолтыг дэлхийн шуудан холбооны конвенцид нийцүүлэн өөрчлөн найруулсан байна.

Шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавихаар; мөн үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам баталж, хэрэгжүүлэх гэсэн заалтыг төсөлд тусгажээ.

Улс хоорондын шуудангийн илгээмжийн зохицуулалтыг илүү тодорхой болгох хүрээнд улс хоорондын агаарын болон газрын шуудангийн үйлчилгээнд Монгол Улсын олон улсын гэрээ, үйлчлэгч хоорондын гэрээ, шуудангийн хууль болон холбогдох  бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөх,  мөн улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарах гэсэн зарчмын өөрчлөлтийг тус тус төсөлд тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл