Цэс

Холбоо барих

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав болон холбогдох албан тушаалтнууд орж ажиллажээ.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан төслийг хуульд нийцүүлэх, төслийн хэсэг, зүйл, заалтыг уялдуулах, ойлгомжтой томьёолох зэрэг саналыг хэлэлцэж дэмжсэн хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Я.Содбаатар нар асуулт асууж хариулт авсан бөгөөд Байнгны хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, 1Т дүгээр зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"- ын 3.7.8 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"- ийн 2.60 дахь зорилтыг тус тус үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба"-ыг байгуулахаар санал боловсруулжээ.


Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв /ТӨҮГ/, Геологийн төв лаборатори /ТӨҮГ/ нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллана хэмээн танилцуулав.

Геологийн судалгааны ажлын үр дүн нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг, тодорхой газар нутгийн нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл бий болдгоороо ихээхэн ач холбогдолтой юм. Гэвч Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын хэвлийн геологийн судалгааг шинжлэх ухааны үндсэн дээр нэгдсэн системтэй, иж бүрнээр гүйцэтгэх үүрэг бүхий геологийн салбар нь уул уурхайн салбарын хавсарга нэгж хэлбэрээр ажиллаж байгаа нь геологийн салбарыг уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд болох ашигт малтмалын нөөц, баялгийг бэлтгэдэг мэтээр өрөөсгөл байдлаар төсөөлдөг ойлголт нийгэмд төлөвшсөн байна. Гэтэл геологийн салбар нь дан ганц ашигт малтмалын чиглэлээр бус маш олон төрлийн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд түүний үр дүнг эдийн засгийн бүх салбарт ашигладаг онцлогтой. Тухайлбал, хот, суурин газар, бүс нутгийн хэмжээнд гео-экологи, гидрогеологийн региональ судалгаа болон газар хөдлөл, хөрсний гулсалтын зэрэг геотектоникийн судалгааг хийсний үр дүнд хот төлөвлөлт, дэд бүтцийн барилга байгууламжийг гео-орон зайд шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх зэрэг үндсэн гол мэдээллийг бий болдог. Энэ нь хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Улс орны хөгжлийн суурь судалгааг гүйцэтгэдэг геологийн салбарт төрийн зүгээс онцгойлон анхаарч өнөөдөр хоорондоо ямар ч мэргэжлийн уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах, салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлэх, боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монгол орны онцлогт тохирсон “Үндэсний геологийн алба"- ыг шинээр байгуулах зүй ёсны бодит шаардлага урган гарч байгааг танилцуулгадаа дурдсан.

Үндэсний Геологийн Алба байгуулснаар тодорхой асуудлыг иж бүрнээр шийдэх боломж бүрдэх аж. Тухайлбал, салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг тогтвортой ажлын байраар хангаснаар ажлын чанар сайжирч цаашид томоохон ордуудыг улсын төсвийн хөрөнгөөр нээн илрүүлж дагалдах хот суурингуудыг байгуулах боломжийг бүрдүүлэх аж. Мөн монгол орны нутаг дэвсгэрийн геологи орчинг судлах, эрдэс баялгийн нөөцийг бүрдүүлэх, хүн амыг таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бодлогын хзрэгжилтийг давхардалгүйгээр, үргүй зардал багатайгаар, харьцангуй хэмнэлттэй арга замаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж тооцжээ.

Бүтэц, зохион байгуулалтын оновчтой өөрчлөлт хийснээр төсвийн зардлыг хэмнэх, мэргэжпийн чадварлаг боловсон хүчнээр тогтвортой хангагдах юм байна.

Түүнчлэн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын гадаргуу болон түүнээс доошхи газрын хэвлийг танин мэдэх геологийн судалгааг иж бүрнээр холбогдох заавар, шаардлагын дагуу гүйцэтгэж янз бүрийн гүнд байрших метал, метал бус, шатах ашигт малтмалаас гадна гүний ус, рашааны тогтоц, гадаргуугийн доорх гүнд байрших том хөндий-нүх, ан цав, цэвдэгшил зэргийг илрүүлэн тогтооно хэмээн үзэж буй аж.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 22-ны өдөр хуралдан тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн гэж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалиай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл