Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүд тойрог бүртээ иргэд сонгогчдод тайлбарлан таниулах, эргүүлээд санал бодлыг нь сонсох ажлыг долоон хоногийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдсон тойрог болох УИХ-ын 51 дүгээр тойрог буюу Баянзүрх дүүргийн 4, 5, 14 дүгээр хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа.
Энэ үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан оролцож, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар болон Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаад байгаа талаар танилцуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ, “Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон. Наад зах нь иргэд Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхээ эдэлж чадахгүй байна. Нэг сум дунджаар 3000 орчим, харин нэг дүүрэг 30 мянга орчим иргэнтэй. Сум, дүүрэгт төрийн үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ харьцангуй хүрдэг. Дүүргийн эмнэлэгт оочер дугаар дийлддэггүй бол, сумын эмнэлэгт харьцангуй боломжийн. Тиймээс сум, дүүргийн статусыг Үндсэн хуулиар өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ хэлэлцүүлгийн үеэр үүнийг шийдвэрлэх байх гэж бодож байна. Иргэдийнхээ дуу хоолой болоод чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно.
Ер нь иргэд маань засаг, ахиргааны нэгжийн тал дээр илүү их санал бодлоо хэлж байна” гэв.
Харин иргэд, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь дэмжиж байна. Сонгуулийн зардал, хандив их тодорхой болох юм байна гэж ойлголоо. Төрөөс сонгуулийн зардлын тодорхой хувийг даавал иргэд, аж ахуйн нэгжээс улстөрчид хандив авчихаад, эргүүлээд тэдэндээ барьцаалагддагийг хязгаарлах байх.
Дордуулсан долоон өөрчлөлтийг нэлээн сайн засаж байгаа юм байна. Д.Лүндээжанцан дарга энэ талаар их ойлгомжтой тайлбар, танилцуулга хийлээ.
Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно, болохгүй гээд зарим нам, хүмүүс янз бүрээр ярьж байна. Нэг нам дангаараа хийж болохгүй, эсвэл чадамжтай чадамжгүй гэж ярьж байна. Энэ Их Хурал үүнд автаж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хууль 27 жил боллоо, үүргээ гүйцэтгэлээ. Одоо нийгэм, цаг үетэй нийцуүүлж өөрчлөх нь зүйтэй.
Багын засаг даргыг гэхэд, тухайн багтаа 30 ах дүү хамаатан садан дундаасаа дэвшүүлээд Засаг даргаараа сонгочихож байгаа нь зохисгүй юм.
Ардчилсан нам байхдаа Үндсэн хуулиас болж ажил явахгүй байна гэж байсан. Үнэн ч байх. Тиймээс энэ цаг хугацаа, боломжийг ашиглаад, хойшлуулахгүйгээр батлах нь зүйтэй гэж бодож байна гэх зэргээр санал бодлоо илэрхиллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.