Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэж байна. 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ сарын 26-ны өдөр эхэлнэ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Архангай аймгийн Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган сумд буюу өөрийн тойргийн иргэдтэй уулзаж, төслийг хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлэгт Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан юм. Төслийн танилцуулгын дараа иргэд өөрсдийн сонирхсон асуултыг асууж, хариулт аван, саналаа хэллээ. Зарим иргэдийн саналыг бичгээр авав. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасан байдаг. Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байлаа. Иргэдийн зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны хязгаар нь 55 бус 50 нас байхаар тусгах нь зөв гэж байв. Учир нь 55 настай хүн нэр дэвшиж, зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгогдсоноор хийх ажлын бүтээмж бага байна. Тэтгэвэртээ гарах гэж байгаа хүнийг заавал Ерөнхийлөгч болгох шаардлагагүй гэв. Зарим иргэдийн зүгээс 55 насны босго нь эмэгтэйчүүдийн эрхийг хөндөж байна гэсэн юм. Монгол эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас нь 55 байдаг. Тиймээс насны босгыг бууруулах саналтай байна гэдгээ хэлж байлаа.
Мөн Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, аймгийн төвүүдийг хотын статустай болгох санал хэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн удаах хэлэлцүүлгүүдээр Ерөнхий сайд дангаараа Монгол Улсын Их Хурлын гишүүн байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ “Давхар дээл”-ийг бүрэн тайлна. Үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг заавал Монгол Улсын Их Хурлын гишүүн байх шаардлагагүй гэж байлаа. Одоогийн Засгийн газрын эмх замбараагүй бүтцийг тогтвортой байхаар оруулж ирсэн нь зөв гэдгийг иргэд хэллээ.
Түүнчлэн орон нутгийн иргэд суманд намчирхал, талцал их байгаа тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтсан сумын Засаг даргыг иргэд сонгох заалтыг дэмжиж буйгаа илэрхийлж, сонгогдсон сумын Засаг дарга багийн Засаг дарга нараа томилохдоо тал тохой таталгүй, боловсролтой, ажил хийх хүнийг томилдог байхаар журамд оруулж өгөхийг хүсэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилээр нэг удаа томилох заалтаа эргэж харахгүй бол улс төрийн захиалгын хүн орж ирээд хууль зөрчсөн шийдвэр гаргадаг болох вий гэдэг болгоомжлолыг ч хэлж байсан юм.
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна гэж нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан асуудлаа эргэн харах хэрэгтэй гээд сум татвар тогтоох боломжгүй гэдгийг зарим иргэд хэлж байлаа. Түүнчлэн ёс зүй, хариуцлага алдсан Их хурлын гишүүдэд хариуцлага тооцох заалтыг заавал Үндсэн хуульд суулгаж өгөхийг захилаа. Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлэх эрх олгох нь зөв ч цаашид дарангуйлагч Ерөнхий сайд бий болох вий гэдгийг сайтар нягтлахыг хэлж байлаа. Мөн Улсын дээд шүүхийн шүүгч нарын томилгоо 12 жил биш найман жил байх нь зөв гэв. Хэрэв 12 жилийн хугацаагаар томилогдвол хугацаандаа тааруулж ааш аяг гаргаж ажилладаг байдал арилахад дэм болно гэдгийг онцолж байв. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат нар иргэдээс ирүүлсэн асуултад хариулт өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.