Цэс

Холбоо барих

ОУПХ-ны чуулганд оролцогч Социнтерний гишүүн намуудын төлөөлөгчид уулзав

Бангладешийн Дакка хотноо болж буй ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож байгаа Социнтерний гишүүн намуудын төлөөлөгчид уулзлаа. Уулзалтыг Социнтерний ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала нээж үг хэлэв.


Тэрбээр “Энэхүү чуулганаар хэлэлцэж буй тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь манай гишүүн намуудын үндсэн зорилгын нэг билээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд намууд хамтран ажиллах, үндэсний парламентууд болон ОУПХ зэрэг олон улсын байгууллагуудтай хэлхээ холбоогоо бататгаж, хүчээ нэгтгэх нь бидний хувьд чухал. Түүнчлэн эмэгтэйчүүд, залуучуудаар намуудын эгнээг өртгөтгөх, тэдний эрхийг хангахад тус дэмжлэг байнга үзүүлэх, улмаар парламент болон шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой” хэмээн онцоллоо.

Ноён Луис Аяала саяхан Колумбид болсон Социнтерний XXV их хурал, гаргасан шийдвэр, ойрын болон хэтийн зорилго, үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудын талаар төлөөлөгчдөд мэдээлэл өглөө. Мөн ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Энхболдыг төлөөлөгчдөд танилцууллаа.


Уулзалтын  үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ:

-Үзэл бодол, зорилго чиглэл нэгтэй анд нөхөд та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Ноён Луис Аяалад Социнтерний ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэе. Монгол Ардын Нам тус байгууллагын гишүүнээр элссэнээсээ хойш үйл ажиллагаанд нь байнга идэвхтэй оролцсоор ирлээ. Энэ оролцоогоо цаашид ч хэвээр хадгалах болно. МАН засгийн эрх барьж, сөрөг хүчин болж явсан. Аль ч үед нь Социнтерн биднийг дэмжиж, зөвлөгөө, мэдээлэл өгч байсанд бид талархдаг. Өдгөө Монгол Улс тус байгууллагын Зүүн Ази дахь гол түшиц намын нэг болоод байна.

Социнтерний XXV их хурлаас манай намын болон УИХ-ын гишүүн, өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболд Социнтерний дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Социнтерний дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд манай намын гишүүд ихээхэн идэвхтэй оролцдог.

ОУПХ-ны 136 дугаар чуулган, Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хөгжлийн болон хүний эрх, аюулгүй байдал, энх тайван, хүүхэд, эмэгтэйчүүд, залуучуудын зэрэг асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлэхийг та бүхнээс хүсье гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл