Цэс

Холбоо барих

УИХ-ын даргын ивээл дор болдог сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн шатарчдад дэд мастер цол олголоо

Улсын Их Хурлын даргын ивээл дор Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын шатрын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өнөөдөр /2020.01.12/ өндөрлөв. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг билээ.  

Төрийн ордонд хоёр өдөр үргэлжисэн энэхүү тэмцээнд эрэгтэй 102, эмэгтэй 36, нийт 138 шатарчин швейцарь системээр долоон өрөг тоглов.

Эрэгтэйчүүдээс Дорнод аймгаас оролцсон Д.Дүүрэнжаргал түрүүлж, нийслэлийн Баянгол дүүргийн шатарч А.Аръяабадрал хоёрдугаар, Өвөрхангай аймгийн шатарч М.Баатар гуравдугаар байранд шалгарлаа. Шагналт байрт Б.Очирсүх (Сүхбаатар аймаг), Д.Сүх-Очир (Дархан-Уул), Г.Баяраа (Хэнтий), Б.Цоггэрэл (Сонгинохайрхан дүүрэг)  нар орлоо.  


Эмэгтэйчүүдээс Нийслэлийн шатрын холбооны нэр дээр оролцсон Б.Халиун түрүүлж, хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгаас оролцсон К.Жаннур, гуравдугаар байранд нийслэлийн Баянзүрх дүүргээс оролцсон Д.Мөнхсайхан шалгарсан бол шагналт байранд  Б.Батцэнд (нийслэл), Э.Батсувд (Хэнтий), Ж.Алтанцэцэг (Увс) нар орлоо.  


Тэмцээнд амжилттай оролцож, шагналт байрт шалгарсан шатарчдад шагналыг нь Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Даваахүү болон Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, тэмцээний ерөнхий шүүгч, олон улсын шилэгдмэл шүүгч, УИХ-ын Тамгын газрын референт Г.Алтан-Оч нар Төрийн ордонд гардуулж, баяр хүргэлээ.


Харин тэмцээний эхний гурван байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй шатарчдын шагнал болон Монгол Улсын спортын дэд мастерын цол, тэмдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав, дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар Монгол бөхийн өргөөнд болсон Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр гардуулж, баяр хүргэсэн юм.


Мөн тус тэмцээнээс “Оюунлаг түшээ”-гээр тодорсон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржид Өргөмжлөл гардуулж, саяхан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болсон ахмад шатарч Ж.Лхагваад хүндэтгэл үзүүлэв.  


Тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр шатарчинд уламжлал ёсоор Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах сонирхочгдын тэмцээнд оролцох эрх олгосон юм.

Үндсэн хуулийн өдөрт зориулан, УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээн жилээс жилд өргөжин, сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээн болсон төдийгүй оролцогчид насны хувьд залуужиж байна гэж тэмцээний шүүгчид ярьж байв. Тухайлбал, энэ жилийн тэмцээний эхний байруудад 19-21 насныхан голдуу шалгарсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл