Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Европын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Н.Оюундарь /2019.06.24/ GSP координатор Европын холбооны худалдааны Ерөнхий газрын тэргүүн ноён Волтер Ван Хаттум, Европын холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Марко Ферри нарыг хүлээн авч уулзлаа. Шүүх засаглал болон хүний эрхийн хууль эрхзүйн өөрчлөлт, шинэчлэлийн талаар талууд санал солилцсон юм.

Мөн цаазын ялыг сэргээх тухай асуудал Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан эсэх талаар төлөөлөгчид асууж сонирхож байлаа. Хэрвээ цаазын ялыг сэргээвэл Европын холбооноос үзүүлж буй тусламж, хөнгөлөлтүүдэд хамрагдах боломжгүй болохыг анхааруулж байсан юм. УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд цаазын ялтай холбоотой зүйл заалт тусгагдаагүй болохыг онцлоод, 3 парламент дамжин яригдаж, эрдэмтэн, судлаачид, ард түмний санал бодлыг тусгасан төсөл учраас цаг үеэ олсон нэмэлт, өөрчлөлт байна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан юм.

Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем нь Европын холбооны зах зээлд экспортлогч хөгжиж буй улсуудыг дэмжихэд зориулагдсан юм. Энэ нь Европын холбооны зах зээлд нэвтрэх үед бараа бүтээгдэхүүнээс тарифыг хөнгөлөх журмаар хэрэгждэг. Хөнгөлөлтийн ерөнхий системийн (ХЕС) шинэ журмаар ”сайн засаглал, тогтвортой хөгжлийн” болзлыг хангасан эмзэг эдийн засагтай орныг ХЕС-т хамруулж, 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх шинэ хөнгөлөлтийг /GSP+/ бий болгосон байдаг.

Мөн Хүний эрхийн асуудлаар тэр дундаа унаач хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөж ярилцлаа. Өвлийн морин уралдааныг зогсоох тухайд болон хууль эрхзүйн тухай ямар зохицуулалт байгааг тодруулж байсан юм. УИХ-ын гишүүн Н.Оюундарь унаач хүүхдүүдийн асуудалд онцгой анхаарч байгааг дурдаад, өвөл цагт морины уралдаан зохион байгуулахгүй байгааг тодотгосон юм хэмээн  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл