Цэс

Холбоо барих

Ерөнхий сайд Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл хийв


 Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.05) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” мэдээлэл хийсэн.

Ерөнхий сайд мэдээллийн эхэнд, Монгол Улсын нийт хүн ам 3.2 саяд хүрч, нутаг дэвсгэрийн хувьд нийслэл, 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 1765 баг, хороо бүхий засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтын нэгжтэй байна. Хүн амын судалгаа, мэдээллээс үзэхэд, хотжилтын түвшин нь хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж, 67.6 хувьд хүрээд байна. Нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хот, түүний орчимд манай улсын нийт хүн амын 66.0 орчим хувь нь амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байна. Дэлхий нийтээрээ том хот руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бусад хотууд болон хөдөөд амьжиргааны нөхцөлийг сайжруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх,  бүсийн тэргүүлэх төв, дагуул хотуудын хөгжлийг дэмжихийг чухалчлан үзэж улс орнууд тусгай бодлого, төлөвлөлтийн урт хугацааны баримт бичгүүдийг батлан гаргаж, хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлсийг нийслэлийн дагуул хот болон орон нутгийн хот, суурин газруудад бий болгох шаардлагатай. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулан агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, нийслэлийн дагуул хот, суурин газрууд, бүсийн тулгуур төв, аймаг, сумын төвүүд зэрэг бусад хот, суурин газруудыг төлөвлөн хөгжүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, орон нутгийн хотуудын хөгжлийг бүсчилсэн хөгжлийн бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг авах шаардлага гарч байна. “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” болон “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”- ийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттай зохион байгуулах зорилтуудыг дэвшүүлсэн. “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг анх боловсруулж байсан 1996 оноос хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт, дэвшил гарсан тул уг төслийн баримт бичгийг шинээр боловсруулах шаардлага үүссэнийг Засгийн газрын тэргүүн мэдээлэлдээ дурдсан.

Түүнчлэн Ерөнхий сайд мэдээлэлдээ, Монгол орны нутаг дэвсгэрт өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд уур амьсгал хоёроос дээш хэмээр дулаарсан гэсэн судалгааны дүн байдаг. Энэ бүсэд Улаанбаатар болон есөн хот, 55 сумын төв оршиж, хүн амын 60 хувь амьдарч байгаа нь уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас үүдэлтэй эрсдэл өндөртэй бүсэд оршин суурьшиж байгаа гэсэн үг юм. Эрчимтэй хотжилт нь зүй бус газар ашиглалтыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг нь хотуудын эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Хуурай, эрс тэс уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монгол Улсын хувьд ихээхэн хохирол дагуулдаг ган, зудын давтамж, түүний улмаас учирч буй эдийн засаг, нийгмийн хохирлын хэмжээ жил ирэх тутам улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна. Хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн Рихтерийн 7 ба түүнээс дээш, 12 сум 9 баллаас дээш газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд, нийт хүн амын 86 хувь нь эдгээр газар нутагт амьдарч байна. Монгол орны нутаг дэвсгэрт  тохиолдож буй газар хөдлөлт тогтмол нэмэгдэж, сүүлийн 2 жилд газар хөдлөлтийн идэвхжилт, эрсдэл бараг 2.0 дахин өсчээ. Монгол Улсын эдийн засагт томоохон хот, суурины үзүүлэх нөлөө жил ирэх бүр нэмэгдсээр байгаа нь эдийн засгийн хөгжлийг орон зайн хувьд тэнцвэртэй хөгжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Хөдөө аж ахуй, газар тариаланд суурилсан эдийн засгийн бүтцэд өөрчлөлт орж, энэ салбарт ажиллагсдын тоо буурах хандлагатай болсон. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн уламжлалт мал аж ахуй, газар тариалан нь тогтвортой орших нөхцөл хумигдсаар байна. Үүнтэй холбоотой шилжилт хөдөлгөөн жилээс жилд өсөн нэмэгдэж, хүн амын төвлөрөл цөөн тооны томоохон хот, сууринд бий болсон нь бүс нутгийн хөгжлийн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлэх, томоохон бүсийн тулгуур төвүүдийг бий болгох бодит хэрэгцээг үүсгээд байна гэж байлаа. 

Тэрбээр мэдээлэлдээ, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг зөв төлөвлөн хэрэгжүүлснээр дараах асуудлуудыг шийдвэрлэнэ. Үүнд:

-Хүн амын нутагшилт, суурьшлын одоогийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу болон сул талыг тодорхойлох;

-Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уурын нөхцөл зэргийг тооцсоны үндсэн дээр хот, хөдөөгийн хүн амын нутагшилт, суурьшилд тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлох;

-Монгол орны хөгжлийг тэтгэх зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн үндсэн тэнхлэгийг нутаг дэвсгэр зохион байгуулалтын бодлоготой уялдуулж цогцоор хөгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх;

-Улсын нутаг дэвсгэр зохион байгуулалтыг оновчтой шийдвэрлэн, хөгжлийн төвүүдийг тодорхойлж, цаашдын хандлагыг тооцож тогтоох;

-Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон хот, суурин газруудад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хот, суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх;

-Амралт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, түүх, соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын бодлоготой уялдуулан тодорхойлох;

-Жижиг, дунд, хүнд үйлдвэрлэл хөгжих нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хот байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх;

-Нэг төвөөс олон төвт тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах, хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох;

-Хүн амын нутагшилт, суурьшил, хот байгуулалтын шийдэлд тулгуурласан засаг захиргааны хуваарийг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг боловсруулах юм.  “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны  5 дугаар тогтоолоор “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулсан. Төслийг боловсруулах ажлын хүрээнд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулж батлуулах ажлыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, зургийн даалгаврыг батлах, Барилга, хот байгуулалтын яамны дэргэд “Хот байгуулалт, зураг төсөл, төлөвлөлтийн институт”-ийг байгуулан, тус төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байгаагаа Засгийн газрын тэргүүн мэдээлэлдээ онцлов.

Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас  “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг боловсруулах чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллаж байгаа аж. Мөн Азийн хөгжлийн банк, Барилга, хот байгуулалтын яамны хооронд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сард харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд НҮБ-ийн Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн байгууллага зүгээс  техникийн туслалцаа үзүүлж хамтран ажиллахаар тогтжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулж цөөнхийг төлөөлж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүн үг хэллээ.


Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг  болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр цөөнхийг төлөөлж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд аймаг орон нутгийг хөгжүүлэхэд Засгийн газраас авч буй арга хэмжээ, баруун аймгийн  эрчим хүчний хүрэлцээ, хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд хэрэгжүүлж байгаа бодит ажлын талаар тодруулав. Мөн нийслэлийн агаарын бохирдол, утааны эсрэг бодитой арга хэмжээ авч байгаа эсэхийг лавласан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын зүгээс эрчим хүч, нефть, хүнсний нийлүүлэлт гэсэн гурван асуудалд анхаарч ажиллаж байна. Баруун аймгуудад эрчим хүчний хангамж учир дутагдалтай байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, уул уурхайн баялаг, хүнс хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  боломж тааруу байгаа. Аймаг орон нутаг бүрт  хөгжлийн бодлого зорилт байдаг ч эдийн засгийн бодит нөхцөл боломж, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр байдаггүй. Иймд Оюутолгой, Таван толгой зэрэг стратегийн  томоохон ордуудыг эргэлтэд оруулж, тэндээс олсон орлогыг хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбартаа хөрөнгө оруулалт хийх,  жижиг, дунд үйлдвэрлэлээ татварын хөнгөлөлт үзүүлж дэмжих ёстой. Иргэд ажилтай, орлоготой болсон цагт хүн амын хэт төвлөрөл саарч, шилжилт хөдөлгөөн багасна гэж байлаа. 


Мөн тэрбээр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд усан цахилгаан станц барих ажилтай газар дээр нь очиж танилцсан. Засгийн газраас БНХАУ-аас олгох нэг тэрбум юанын хөнгөлөлттэй зээлд  хамруулж, цахилгаан станц барихаар болсон. Ингэснээр  баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч авах шаардлагагүй болж,  дотоодоосоо хямд үнэтэй эрчим хүчээр хангагдсанаар  жижиг дунд, томоохон үйлдвэрлэл хөгжих боломжтой болно. Одоогоор судалгаа, зураг төслийн ажлыг хийж байна гэж байлаа. 

Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг багасгах асуудалд үе үеийн Засгийн газар анхаарал тавин ажилласаар ирсэн. Нийслэлийн утааг багасгахын тулд Засгийн газраас 2019 оноос эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэрийг гаргасан. Түүнчлэн гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийг орон сууцжуулахад анхаарч ажиллаж байна. Иргэдээ хямд өртөгтэй, түрээсийн орон сууцаар хангах ажлыг эхлүүлнэ. Утааны эсрэг санал тавьсан хэн бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд хариултдаа онцолсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл