Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг Улсын Их Хурал дэмжсэн тул иргэд, олон нийтэд төслийн талаар танилцуулан саналыг нь сонсох ажил улс орон даяар өрнөж байна.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар Бямба (2019.06.22) гарагт Сонгинохайрхан дүүрэгт ажиллан, 3, 4, 5, 6, 26 дугаар хорооны иргэдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 4 багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Үүнд Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад доор дурдсан асуудлыг тусгасан юм. Тухайлбал, ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохоор зааж, Улсын Их Хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлах зэрэг өөрчлөлтийг тусгасан талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Түүнчлэн гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт тус бүрийн талаар нэгбүрчлэн танилцууллаа.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Б.Баярмаа, референт П.Хулан нар оролцож, иргэдийн асуултад хариулт өгсөн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгын дараа Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 26 дугаар хорооны иргэд зарим зүйлийг тодруулан лавлаж, төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.