Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт буюу энэ сарын 26-ны өдрөөс эхэлнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонсож байна.
Өнөөдөр (2019.06.22) УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүргийн 9, 25 дугаар хорооны иргэдтэй уулзаж, төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 74 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7,9,24,25 дугаар хорооны иргэдийг УИХ-д төлөөлж байгаа юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх С.Энхцэцэг оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Төслийн танилцуулгатай холбогдуулан иргэд асуулт асууж, саналаа хэллээ. Мөн бичгээр өөрсдийн саналыг өгсөн.
Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлээд, цаашид хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-гүй байх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тоо болон томилогдох хугацааг эргэн харах, сум, дүүргийг ижил түвшинд авч үздэг байдлыг өөрчлөх зэрэг саналыг түлхүү хэлж байлаа. Мөн хүний эрхийг хангасан, хүндээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх суурийг тавих хэрэгтэйг хэлж байсан юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 76 гишүүнд зориулж биш, нийтийн том эрх ашгийг хангахын тулд хийх гэж байгаа. Эргэж харах, засах зүйл байгаа. Иймд иргэдийнхээ саналыг сонсож байна. Өнөөдрийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах хэлэлцүүлэгт хэсгийн ахлагч нар идэвхтэй оролцож байна. Хэсгийн ахлагч нараар дамжуулаад тойргийн иргэдийнхээ саналыг бичгээр авна” гэлээ.
Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 9, 25 дугаар хорооны иргэдийн саналыг сонссон бол маргааш (2019.06.23) 7, 24 дүгээр хорооны иргэдтэй уулзаж, төслийн хэлэлцүүлэгийг хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.