Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан тойргийнхоо иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасанчлан УИХ-ын байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргах үүрэгтэй юм.


Үүний дагуу өнөөдөр (2019.06.21) УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан УИХ-ын сонгуулийн 63 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцууллаа.  

Энэхүү уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах референт Д.Ядамжав нар оролцож, иргэдийн асуултад хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Энэ сарын 06-ны өдөр УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Аливаа улсын Үндсэн хууль нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг, гол хууль нь байдаг. Энэ жам ёс, жишгийн дагуу Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөөд 27 жил боллоо. Энэ хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгджээ. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилтыг урагш ахиулахын тулд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нийт дөрвөн багц асуудлыг тусгасан” гэв.



Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн хийсэн юм. Төслийн танилцуулгатай холбогдуулан иргэд асуулт асууж, саналаа хэллээ. Мөн бичгээр өөрсдийн саналыг өгсөн.


Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны иргэн Б.Батсүрэн: - Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхээр зорьж байгаад баяртай байна. Үндсэн хуулиар хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй байна.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ч.Чимид: - Хуулийг нийт гишүүдийн олонхоор баталдаг болж байгааг дэмжиж байна. Засгийн газрын дөрвөн гишүүн л “давхар дээл”-тэй байх нь зүйтэй. Гэхдээ засаж сайжруулах хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, УИХ-ын Хянан шалгах хороог хэрхэн байгуулах, татан буулгах, ямар эрх үүрэгтэй байх зэрэг олон асуудал тодорхойгүй байна. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог 21 биш 15 болгоход хангалттай. Нутгийн өөрөө удирдах ёс, сум дүүргийн статусыг тодорхой болгож зохицуулах шаардлагатай.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн Д.Соном: - Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх нь буруу. Бүртгэлээс цаашгүй олон намтай болсон байна. Сонгууль дөхөхөөр л бужигнадаг, бусад үед байгаа үгүй нь мэдэгддэггүй. “Давхар дээл”-ийг тайлж байгааг дэмждэг. Гэхдээ зөвхөн Ерөнхий сайд л “давхар дээл”-тэй байж болох юм. УИХ-ын хавар, намрын чуулган 75 хоног хуралддаг болох нь зөв.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэн Д.Дулмаа: - Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг заавал 12 жилээр томилох нь хэр оновчтой вэ? Харин тавигдах шаардлага, шалгуурыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчдийн томилогдох хугацааг эргэн нягтлах хэрэгтэй гэж бодож байна. УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйг нэмэгдүүлэх талын зохицуулалтыг сайн оруулмаар байна. Засгийн газрын сайд нарын мэргэжлийн ур чадвар, боловсролын түвшинг харгалзаж салбар удирдуулмаар байна.


Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн н.Алтангэрэл: - Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ төсөлд байгалийн баялагийг ил тод, тэгш хуваарилах талаар тодорхой тусгамаар байна. Байгалийн баялаг төрийн биш, ард түмний өмч байх ёстой. Усны асуудлыг ч Үндсэн хуульд тусгайлан зохицуулах нь хэрэгтэй гэж боддог. Манай улс ундны усгүй болоход ойрхон болоод байна.



УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн саналыг сонссон бол маргааш (2019.06.21)  Налайх дүүрэгт ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл