Цэс

Холбоо барих

Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран өнөөдөр (2019.11.22) Төрийн ордны их танхимд Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, улсын бүртгэлийн ажилтны 79 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг зохион байгуулав. 

Хэлэлцүүлгийг нээж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар үг хэллээ.


Хэлэлцүүлгийн үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос хэлэлцүүлгийн зорилгын талаар тодруулахад, “Хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ямар ажил хийсэн бэ, тэр дундаа иргэд рүү чиглэсэн, иргэдийн цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн, аюулгүй байдлыг хангасан ямар үйл ажиллагаа явуулсан талаараа мэдээлэл өгч,  ажлаа тайлагнаж байна” гэлээ.

Тэрбээр мөн 2018 онд батлагдсан Улсын бүртгэлийн багц хуулийн гол үзэл баримтлалын дагуу  үйл ажиллагаагаа цахим болгох бодлогыг баримталж, энэ чиглэлээр хийсэн ажлын талаар ярилаа.   

Тухайлбал, бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 онд BURTGEL.MN системийг бий болгож, тус системээс өнөөдрийн байдлаар иргэд 23 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй авч байна.

Мөн 2019 оны эхнээс иргэний үнэмлэхийг онлайн системээр захиалдаг болсон бөгөөд 1100 гаруй иргэн иргэний үнэмлэхээ онлайнаар захиалан авчээ.

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд тодорхой төрлийн мэдээллүүд буюу нэрийн болон хаягийн сангийн мэдээллийг нээлттэй болгожээ. Энэ хүрээнд Монгол Улсад байгаа 192 мянган аж ахуйн нэгжийн мэдээллийг нээлттэйгээр байршуулан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангасан байна.


Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэг иргэнд Улсын бүртгэлийн, иргэний үнэмлэхний, жолооны үнэмлэхний, татвар төлөгчийн, нийгмийн даатгалын дэвтрийн гэхчлэн 10 орчим дугаар байдаг ч иргэд үүнийг тэр болгон мэддэггүй учир  энэ асуудлыг цэгцэлж, хэрхэн нэг бүртгэл болгох вэ гэдгийг судалж үзсэний үндсэн дээр Улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг хэрэглээнд оруулах гэж байгаа юм байна.

“Бүртгэлийн нэг дугаар буюу 12 оронтой дугаарт тухайн иргэний бүх мэдээллийг нэгтгэн байршуулснаар жинхэнэ утгаараа “Нэг иргэн-Нэг бүртгэл” болно. 

Энэ ажлыг эхлүүлэхээр холбогдох хууль  тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан ажиллаж байна” гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж ярилаа.


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд уг хөтөлбөрт бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн болон цахим бизнес, онлайн банкны үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн ой санамж болох улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгох зэрэг зорилтуудыг тусгажээ.  


“Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны ололт, амжилт, цаашдын зорилт”, Азийн хөгжлийн банкны Монгол дахь дэд захирал Деклан Магий “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох нь”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр “Монгол Улс дахь олон зорилтот кадастр ба улсын бүртгэл”, Үндэсний дата төв УТҮГ-ын захирал М.Баттулга “Төрийн цахим шилжилтийн суурь систем”, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Мөнбат “Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа-Invest in Mongolia center” сэдвээр илтгэл тавилаа.


Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, асуултад холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв. 

Хэлэлцүүлгийн үеэр улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны талаар гэрэл зургийн үзэсгэлэн гарч, улсын бүртгэлийн зарим үйлчилгээг иргэдэд үзүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл