Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.08/ хуралдаан 13 цаг 35 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

    Хуулийн төслийн талаар Засийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялагийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж байлаа. 

    Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй  байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна. Иймд тэтгэвэр авагчдыг тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг  үе шаттай авсан. Өнөөдрийн байдлаар  нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүү жилийн 10 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлийн хүү 15.6 хувьтай байна.  Ажлын хэсэг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. 


    Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар заасан аж. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” компанид шилжүүлсэн байна.

    Ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж үзжээ.

    Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг гарахаар байгаа аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

    Ийнхүү “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл” нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасантай нийцэж байна хэмээн сайд С.Чинзориг танилцуулгадаа онцолсон. 


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Жавхлан, Ц.Мөнх-Оргил, Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэллээ.

    Гишүүдийн зүгээс Төв банк ямар эх үүсвэрээр бонд худалдаж авах талаар тодруулахын зэрэгцээ энэ нь холбогдох хуультай нийцэж байгаа эсэхийг лавлав. Мөн хэчнээн ахмадууд хэд хүртлэх төгрөгийн зээлтэй байгааг, ҮАБЗ-өөс гарсан шийдвэрийн дараа нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн зээл оны сүүлээр олгогдсон нь мэдээлэл задарсан эсэхтэй холбоотойг тодруулсан.

    Монголбанкны зүгээс хариултдаа, Төв банк  Эрдэнэс Ресурс компани, Эрдэнэс селвир ресурс компанитай үнэт металь худалдаалах таван жилийн гэрээ байгуулсан. Энэхүү металийн орлогыг Монголбанк худалдаж авахаар зохицуулсан. Төв банкинд одоогоор эх үүсвэр байхгүй учир шинээр мөнгөний нийлүүлэлт хийх нөхцөл байдал үүссэн.  2018 оны Төвбанкны тухай хуульд эдийн засгийн тодорхой салбарт чиглэсэн хэлцэл хийхийг хориглосон учир тусгайлсан хуулиар Монголбанканд хуулийн зохицуулалтыг хийж байгаа онцлов. 

    Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариултдаа, Арилжааны банкуудаас тэтгэвэр авсан иргэдийн талаарх судалгааг авсан. 578 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл байгаагаас 112 мянган иргэн 3 хүртэлх сая төгрөг, 142 мянган ахмад 4 сая хүртэлх зээлтэй. Нийтдээ тэтгэврийн зээлтэй ахмадын 90.6 хувь нь 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй. 22 мянган иргэн буюу 10 орчим хувь нь  6 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа байна.  Хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү тэрбум 150 сая төгрөг байгаа. Энэ нь эрсдэлтэй зээл байх гэж бодож байна гэж байлаа. Мөн тэрбээр,  мэдээлэл тархсанаас үүдэлтэй хардлага сэрдлэгийн тухайд ҮАБЗ-ийн зөвлөмж нууцын зэрэглэлтэй учир иргэд асуудлыг өмнө нь сонсоод зээл авах боломжгүй гэв. Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл 775 тэрбум байсан бол жилийн эцсийн байдлаар  өсөх биш 758 тэрбум төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, нэг сарын дотор 17 тэрбум төгрөгийн зээл барагдаж, хаагдсан гэдгийг салбарын сайд нэмж тодотгосон.  

    Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч цаашид засч сайжруулах асуудлууд байгааг онцолсон. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил  тэтгэврийн зээл авсан нийт иргэдийн 90 гаруй хувь нь 6 сая төгрөгөөс доош зээл авсан учир энэ хэмжээний дүнгээр босго тавьж, үүнээс дээш төгрөгийн зээл авсан хүмүүс нь 6 хүртлэх сая төгрөгийн дүнгээ хасуулаад үлдсэнийг нь төлөх шаардлагатай. Мөн энэ асуудлыг улсын төсөвт суулгаад хуулийн дагуу шийдэх талаар судалж үзэхийг хүссэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Засгийн газар өөрөө бонд гаргах байсан. Хөгжлийн банк баталгаа гаргахаар тусгасан ч хуульд нь ийм зохицуулалт байхгүй, Монголбанкны үзэл баримтлалтай ч нийцэхгүй байгаа учир энэ асуудлыг олон талаас нь судлах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Тэтгэврийн зээлийг тэглэхдээ зөвхөн зээл авсан бус зээлээ төлсөн, зээл аваагүй ахмадууддаа адил тэгш хандах зарчмыг баримтлах шаардлагатай” гэв. 


    Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир “Тэтгэврийн зээлийг тэглэх нь ахмадуудаа  баярлуулж байгаа нэг удаагийн арга хэмжээ. Гэхдээ тэтгэврийн зээл аваагүй,  зээлээ төлсөн иргэдээ хоосон үлдээхгүй байхыг бодолцох шаардлагатай” гэсэн бол  Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан “3-6 сая төгрөгийн зээлтэй буюу зорилтод бүлэгрүү асуудлаа хандуулахын зэрэгцээ тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай” гэж байлаа. Харин Улсын Их Хурлын Б.Жавхлан байгалийн баялагаа ард түмэндээ  тэгш хүртээмжтэй олгохыг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга зам нь буруу байгааг онцлов. Тэрбээр төсвийн гадуур дахиад төсөв үүсгэдэг гашуун туршлагаа давтах гэж байгааг тодотгохын зэрэгцээ тэтгэврийн зээлийн эцсийн зээлдэг нь ч Монголбанк хариуцаж, эрсдэл үүсвэл Засгийн газар төлөхөөр хуулийн төсөлд  тусгасан  байна.  Засгийн газар эцэст нь эрсдэлийг татвар төлөгчийн хөрөнгөөр төлнө гэдгийг гишүүдэд анхааруулж байлаа. 

    Ингээд Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл