Цэс

Холбоо барих

Н.Оюундарь: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн энэ төсөлд иргэдийн санал бодлыг сонсох нь маш чухал байна

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь 2019 оны зургадугаар сарын 19-нөөс эхлэн сонгогдсон тойрогтоо буюу Сэлэнгэ аймгийн ард иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийхийн зэрэгцээ иргэдийн саналыг сонсон ажиллаж байна.


УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулж ард иргэдээс санал, шүүмжлэл байнга хэлдэг. Тухайлбал, УИХ, Засгийн газар ажлаа хийхгүй байна. УИХ нь Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хэтэрхий их оролцож байна гэдэг. Тэгвэл энэ гажуудлыг зайлшгүй засах хугацаа нь болсон байна гэж үзээд нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан.

Сүүлийн дөрвөн парламент Үндсэн хуульд  өөрчлөлт оруулах гэж  үзсэн. Энэ удаагийн парламентад Монгол ардын нам 65 суудал авсан. Үүнээс 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан, Үндсэн хуулийн 30 хүртэлх хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулахаар  хэлэлцэж байгаа.

УИХ, Засгийн газрын хариуцлагатай, тогтвортой байдал, Ерөнхийлөгч, шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтүүд төсөлд туссан. Та бүхний хамгийн их сонирхдог орон нутгийн засаг захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны талаар мөн заалт бий” хэмээгээд төслийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Дараа нь иргэдийн санал бодлыг сонсож, асуултад нь хариуллаа.



Иргэд үндсэндээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.

Ялангуяа, сумын иргэд нь Засаг даргаа сонгодог болох, сумын Засаг дарга багын Засаг даргыг томилдог болох саналыг иргэдийн дийлэнх олонхи нь дэмжиж байлаа.

Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой өөрчлөлтийн талаар иргэд “Ерөнхийлөгчөөр сонгогдох иргэн 55 нас хүрсэн байх гэдгийг засаж, насыг 55-аас доош байхаар тогтоох, мөн наснаас гадна боловсролын түвшинг авч үзэх, эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр сонгогдох боломжийг тусгаж өгөх” зэрэг саналыг хэлж байлаа.

Ийнхүү иргэд нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар бүхэлд нь асууж, хариулт авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлж байна.

УИХ-ын  гишүүн Н.Оюундарь энэ сарын 26-ныг хүртэл тойрогтоо үргэлжлүүлэн ажиллах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл