Цэс

Холбоо барих

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.25 цагт эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын чуулганы 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд  Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь дэмжсэнээр С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Үргэлжлүүлээд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.


УИХ-ын 2016 оны 11 дүгээр тогтоолоор Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон. Н.Баяртсайхан тус албан тушаалыг хашсан гурван жил орчмын хугацаанд улсын эдийн засгийн тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх, мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах, олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан боловч гадаад болон дотоодод итгэл хүлээлгэхүйц орчин нөхцлийг бүрдүүлээгүй, зөвлөмжийг хэрэгжүүлэн, тодорхой бодит үр дүн гаргах талаар хангалттай ажиллаж чадаагүй гэж Эдийн засгийн байнгын хороо дүгнэснийг УИХ-ын дарга онцлов. Тэрбээр 2019 оны зургадугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд хангалттай биш хэмээн үзсэнийг дурдаад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр УИХ-ын даргад гаргасан тул Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийг үндэслэн Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж байна хэмээн танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.


Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэг ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын даргын саналыг Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэг ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Оюундарь нар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Төв банкны ерөнхийлөгчийг чөлөөлснөөр эдийн засагт доргилт үүсэх зүйл гарах вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгчийн санал, мэдээллийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын гишүүн Н.Оундарь хөндсөн.


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын хариулснаар, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал дан ганц Монгол Улс “Саарал жагсаалтад” орсонтой холбоотой бус бөгөөд арилжааны банк татан буугдсан, банк, санхүүгийн салбарт сахилга бат алдагдсан, Төв банкы үйл ажиллагааны тайлан хангалттай үнэлэгдээгүй зэрэг олон шалтгаантай гэлээ. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, саналыг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн гээд, цаашид эдийн засагт донсолгоо үүсэхээс сэргийлэхийн тулд УИХ-ын удирдлага, холбогдох байнгын хороод анхаарч ажиллах ёстой гэдгийг ч дурдсан.

Эцэст нь санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувийн саналаар Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө.

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

Мөн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухайУлсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэсэн юм.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.  

Тус тогтоолын төсөлд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн Монголын талын төлөөллийн чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасан бөгөөд тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Т.Аюурсайхан/-нд даалгахаар тусгасан байна.   


Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тогтоолын төслийн 1-р зүйлийн 1 дэх заалтаас “... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах” гэснийг хасах, УИХ-ын гишүүн Б.Жавхлан тогтоолын төслийн 1-р зүйлийн 2 дахь заалтын “Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах” гэснийг “Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах” гэсэн найруулгын шинжтэй саналууд гаргажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалт, орд газрын ашиглалт, монголын талын өгөөж, түүнийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөөц бүрэн тогтоогдсон эсэх, хайгуулын зардал, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн шалтгаан, татвартай холбоотой хорр талын үл ойлголцол, зөрчлийн талаар Эдийн засгийн байнгын хороо болон Ажлын хэсгээс тодруулан хариулт авч, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн энэхүү ордыг ашиглах талаар хэрхэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэнээр тогтоолыг эцэслэн баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл