Цэс

Холбоо барих

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар санал хураалт үргэлжлэв

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 56 минутад ирвэл зохих 75 гишүүний 59 нь буюу 78.8 хувь нь хүрэлцэн ирснээр эхэллээ.


Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1-д “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт /76/ гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасны дагуу хуралдааны ирц бүрдсэнийг дуулгаад улс орон, ард түмний нийтлэг эрх ашгийн илэрхийлэл, хамтын гэрээ болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэхэд хариуцлагатай хандаж, идэвхтэй оролцохыг гишүүдэд уриалав.

Мөн Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, Үндсэн хууль судлаач О.Машбат, МУИС-ийн багш, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг болон Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буйг танилцууллаа.

Ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн. Гэвч зарим гишүүд эрх зүйн үр дагавраас сэргийлэх үүднээс санал хураалтад оролцох хангалттай ирцийг бүрдүүлж байж санал хураалгах горимын санал гаргасны дагуу нэгдсэн хуралдааныг завсарлуулж, санал хураалтыг өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтоод байсан юм.


Энэ үндсэн дээр ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэллээ. Чуулганы өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан хоёр заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн. Иймээс төслийн эдгээр заалттай холбоотойгоор төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлд “Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална” гэсэн агуулгатай 4 дэх хэсгийг нэмэхээр гишүүдийн төсөлд тусгасныг нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 59 нь буюу 95.2 хувь нь дэмжив. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг засаж, илүү тодорхой болгох үүднээс гишүүд энэ заалтыг төсөлдөө тусгажээ.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу Хорин долдугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна” гэж нэмэх төслийн заалт гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэг авсан юм.  

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлд “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэсэн агуулгатай 2 дахь хэсэг нэмэхээр тусгагдсан. Харин Ерөнхийлөгч төсөл, саналдаа гишүүдийн санаачилсан төслийн энэ заалтыг хөндөөгүй.


Төслийн дээрх заалттай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан олон орны парламентад ийм эрх мэдэл бүхий бүтцийн байгууллага ажилладаг юм байна. Тиймээс хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар цөөнхийн төлөөллийг оролцуулан хянан шалгах түр хороог байгуулж ажиллуулах шаардлагатай гэж төсөл санаачлагч гишүүд үзсэн. Харин энэ томьёоллыг төслийн дараагийн заалтаар өөрчлөхөөр тусгасан, түүнчлэн хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй байх, дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болохоор тусгасныг гишүүдээс гаргасан саналын дагуу хэлэлцүүлгийн явцад хасахыг Байнгын хороо дэмжсэн гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар төслийн заалттай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь төслийн энэ заалтыг дэмжсэнгүй.

Харин төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.7 хувь нь дэмжив. Төслийн энэ заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Билэгт нар үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тайлбар тодруулга өгсөн юм.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Хорин наймдугаар зүйлд “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай 3 дахь хэсгийг нэмэхээр гишүүдийн төсөлд тусгагдсан. Энэ заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ц.Нямдорж, С.Бямбацогт нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд энэ саналын томьёоллоор хоёр удаа санал хураалгахад гишүүдийн дийлэн олонхын дэмжлэг авсангүй. Нэгэнт төслийн заалт дэмжигдээгүй учраас төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Хорин наймдугаар зүйлийн 3 дахь хэсгийг хасах санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн нарын саналаар санал хураалт явуулах шаардлагагүй гэж үзсэн юм.


Дараа нь төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлоготой холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, гишүүд төслийн заалтуудтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өнгөрсөн 30 жилд хөгжлийн тодорхой бодлого, төлөвлөлтгүй явж ирснээс улс орон ч хөгжсөнгүй, ард иргэдийн амьдрал ч дээшилсэнгүй. Иймээс бидний хэдэн гишүүн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг урт, дунд хугацааны хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлэх. Энэхүү бодлого, төлөвлөлтийг тогтвортой залгамж чанартай хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагатай байх санал гаргасан гээд энэ саналыг дэмжихийг гишүүдээс хүсэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Батболд төсвийн сахилгыг дээшлүүлэх үүднээс төсөв батлахад Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хааж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа  эдийн засгийн бодлого, төлөвлөлттэй холбоотой энэ томьёоллыг хоёр дахь хэлэлцүүлгийн дараа дахин авч үзэж, Үндсэн хуулийн Тавдугаар зүйлд улсын төсөв, санхүү гэсэн шинэ зүйл нэмж оруулаад төсвийн сахилгыг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийн хуваарилалтын зарчмыг суулгаж өгөх шаардлагатай байна гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар үг хэлж байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл