Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2019.11.20/ “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн
бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол удирдан
явууллаа.
Тэрбээр хэлэлцүүлгийг нээж, өрх толгойлсон
эхчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга
хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар хэлсэн үгэндээ “Гэр бүлийн тогтвортой
байдлыг дэмжих, гэр бүлийн үнэ цэнийг дээшлүүлж, гэр бүлийн хөгжлийг дэмжих,
шинэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэх, санхүүжүүлэх, хүүхдийн тэтгэлэг бүрэн
төлөгдөх, тогтолцоо, механизмыг бүрдүүлэх, хүүхдийн өмчлөлийн эрхийг хуульчлах,
эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг дэвшүүлж,
шийдвэрлэх арга замыг боловсронгуй болгох шаардлага тулгараад байна.
Мөн өрх толгойлсон ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын уян хатан цагаар ажиллах боломжийг бүрдүүлэхэд төр засгийн байгууллага анхаарлаа хандуулж, бодлого шийдвэрт хэрхэн тусгах талаар өрх толгойлон амьдарч байгаа ээжүүдийнхээ саналыг сонсох, нэтгэхэд энэхүү хэлэлцүүлгийн зорилго оршино” гээд нийгмийн халамжийн сангаас 2016-2019 онуудад өрх толгойлсон эх эцэгт олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн талаар мэдээллээ.
Улсын Их Хурлаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг батлан гаргасан ч эдгээр хуулийн зохицуулалт, хэрэгжилт зарим талаар учир дутагдалтай, заалт нь хийдэл, давхардалтай, хуулийг хэрэгжүүлэхэд цөөнгүй салбарт санхүүжилт бүрэн тусаагүй, төсвийг оновчтой хуваарилах шаардлагатай, холбогдох дүрэм журмуудыг боловсронгуй болгох гээд тулгамдсан асуудлууд байгааг тэрбээр мөн хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасны дагуу гэр бүлийн гишүүдийн эрх, ашиг сонирхол, харилцаа, хөгжил, хамгааллыг төрөөс анхааран ажиллаж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн бариад удаагүй байгааг тэмдэглээд уг төсөлд хүүхдийн тэтгэлэг төлөгдөх механизмыг бүрдүүлж, хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй байгаа хүмүүсээс заавал төлүүлэхээр зохицуулалт хийснийг онцлов.
Мөн ард иргэдэд ажил хөдөлмөр эрхлэх, гарааны бизнесээ эхлүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаатай, хүү багатай зээлийн бодлогоор иргэдийг дэмжих Итгэлийн зээл олгох хуулийн төслийг шинээр боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн талаараа онцоллоо.
Өрх толгойлсон эхчүүд оролцсон энэхүү хэлэлцүүлэгт холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд илтгэл тавилаа.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өрх толгойлсон эхчүүдийг дэмжих бодлогын хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл, Статистикийн ерөнхий газрын дарга А.Ариунзаяа гэр бүлийн статистикийн талаар тоо баримтыг, сэтгэл хөдлөлөө зохицуулах талаар сэтгэл зүйч Б.Энхбаяр, өрхийн бичил бизнес хэрхэн эрхлэх талаар “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал сонирхолтой илтгэл танилцуулав.
Хэлэлцүүлэгт оролцогчид төр засгаас өрх толгойлсон эх, эцгийг дэмжихэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар саналаа хэлж, бодит ажил болгох нь чухал байна гэдгийг хөндлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.