Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.06) хуралдаан гишүүдийн 81.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлттэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсэн юм. Гишүүд Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Цэц холбогдох маргааныг хянан хэлэлцээд, хүний үндсэн эрхийн зөрчлийг үндэслэж шийдвэрээ гаргасныг Б.Энхбаяр гишүүн дурдаад, үүний зэрэгцээ парламентын мөн чанар, нийгмийн төлөөллийг жигд хангах шаардлагыг харгалзах шаардлагын талаар тайлбарлаж, үг хэлсэн.
Нэн тэргүүнд улс төрийн намуудын төлөөллийг хангах, улмаар газар нутгийн төлөөллийг жигд хангах, жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд төлөөллийг жигд хангах шаардлагын талаар Б.Энхбаяр гишүүн тодотгов. Улсын Их Хурлын ээлжит буюу 2024 оны сонгуулийн дүнгээр 32 эмэгтэй парламентын гишүүнээр сонгогдож, нийт гишүүний 25.4 хувийг байгаа нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлснийг дурдлаа. Мөн үндэстэн ястны төлөөлөл ч парламентад байх шаардлага зэрэг олон хүчин зүйлийг тэнцвэржүүлэх нь сонгуулийн тогтолцооны онцлогоос их хамаардаг гэдгийг тэрбээр дурдсан.
Парламентын төлөөллийн хэв шинжийг зохистой түвшинд хангахын тулд хуульд холбогдох механизмуудыг тусгасан болохыг тэмдэглэж байв. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлттэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.