Цэс

Холбоо барих

Сэдэв 2: “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо

    Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран өнөөдөр (2024.04.25) Төрийн ордонд зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг тогтвортой хөгжлийн зорилгын 16.6 дахь зорилт болох “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт. Бүх түвшинд үр дүнтэй, ил тод, хариуцлагатай институтийг хэвшүүлэх” сэдвийн хүрээнд үргэлжиллээ.

    Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монгол Улсын Их Сургуулийн захирал Д.Бадарч ажиллаж, энэ сэдвийн үндсэн илтгэгч болон панелистуудыг танилцуулав.


    Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээн дэх үндсэн илтгэлдээ, хууль тогтоогчийн хувьд Монгол Улс засаглалаа сайжруулахад хийсэн өөрчлөлтүүдээс танилцуулсан. Тэрбээр, Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр олонхын саналаар сонгогддог, цөөнхийн санал гээгддэг сонгуулийн мажиратор тогтолцоог холимог болголоо. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнээр парламентын засаглал улам бэхжинэ гэв. Мөн, Улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, намын дотоод ардчилал, намын санхүүжилт, хөрөнгө орлогын эх үүсвэр, түүний зарцуулалтын ил тод байдлыг дээшлүүлсэн. D-parliament платформыг нэвтрүүлж,  хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргаж байна. Монгол Улсын Их Хурал хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүргийг хэрэгжүүлж, хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тогтолцоогоо улам боловсронгуй болгон хөгжүүлж байна.

    Монгол Улсын Их Хурал Хянан шалгах чиг үүргийн Түр хороодыг байгуулж, нийгэмд үүссэн аливаа ноцтой асуудлаар сонсгол зохион байгуулж хэвшсэнээр авлига, хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргүүдийн шийдвэрлэх байдал иргэдэд нээлттэй болж, иргэдийн мэдэх эрхийг хангасан. Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн нээлттэй сонсголд оролцсоноор нийгмийн итгэлцэл сайжирч, авлигыг жигших, өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцож чаддаггүй гэсэн шүүмжлэлүүдэд хариу өгөх боломжтой болсон зэргээр өргөн хүрээнд мэдээлэл өглөө.


    Панелистуудын зүгээс, панелист, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн сангийн гүйцэтгэх захирал Ким Сүк хүчтэй засаглалыг бий болгоход институтүүдийн хамтын ажиллагаа чухал гэж онцолсон бол Рио Тинто группийн Хууль засаглал, компанийн хэрэг эрхлэх газрын дарга Изабелл Дешам хүчтэй засаглал, үр өгөөжтэй институтыг бий болгоход бизнесийн байгууллагууд хэрхэн оролцох талаар хөндөж, бизнесийн байгууллагын оролцоог тэмдэглэхийн зэрэгцээ байгууллагадаа бий болгосон “Бизнесийн шударга байдлын төв”-дөө очиж үзэхийг зөвлөлөө. Анкарагийн Йылдырым Беязит их сургуулийн тэнхимийн эрхлэгч Йылмаз Бингөл дэлхий дахины ерөнхийлөгчийн засаглалтай 50 гаруй улсаас Туркийн  Ерөнхийлөгчийн засаглал үр дүнтэй, сайн засаглал гэдгийг онцолсон бол Истанбулын Мэдэниетийн их сургуулийн тэнхимийн профессор Идил Тунчер Килавуз Турк улсын зүгээс олон улсын институтийн хамтын ажиллагаанд Ази болон дэлхий даяар идэвхтэй оролцдог гээд Монгол Улсыг энэхүү хамтын ажиллагаанд оролцохыг уриалсан.

    “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт. Бүх түвшинд үр дүнтэй, ил тод, хариуцлагатай институтийг хэвшүүлэх” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгээр хүчтэй засаглалыг хөгжүүлэхэд бүх нийтийн оролцоог хангаж, шударга, үр өгөөжтэй засаглалыг бий болгоно гэсэн санааг хөндлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл