Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Токиогийн Их сургуулийн профессор Эсаки Хирошиг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.04.23) Япон Улсын Токиогийн Их сургуулийн профессор Эсаки Хирошиг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт профессорыг Монгол Улсын Их сургуультай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, дизель түлшний технологийг ашиглах асар их нөөц бололцоотой, бид нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахыг зорьж байгаа бөгөөд нэн ялангуяа гэр хороололд утаагүй түлш хэрэглэх шинэ технологийг нэвтрүүлэх нь чухал юм. Үүнд профессор Эсаки Хирошигийн санаачилсан дижитал болон шинэ эрчим хүчний хэтийн төлөв болоод хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн дэлхий нийтэд цахим шилжилт эрчимтэй явагдаж буй өнөө үед хууль, эрх зүйн орчин, дагалдан гарах эрсдэлийг сайтар судлан, арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна гэв.


Профессор Эсаки Хироши Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад мөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцох урилга илгээсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, Япон Улсын болоод өөрийн хуримтлуулсан туршлагаа хуваалцах нь нэр төрийн хэрэг юм. Токиогийн Их сургууль нь хэмнэлттэй эрчим хүчний менежментэд тулгуурласан бие даасан байгууламжтай. Бид нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг саармагжуулахын тулд хамгийн сүүлийн үеийн дижитал технологи, инновацыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн миний бие Япон Улсын Засгийн газарт дижитал агентлагийн ерөнхий архитектораар ажилладаг. Иймд дэвшилтэт технологид суурилсан туршлагаа Монголын эрдэмтэн профессоруудтай хуваалцахад баяртай байх болно гэв.



Талууд дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудын цахим шилжилтийн тэргүүн туршлага, дижитал технологи, цахим боловсрол болоод бусад сонирхсон асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл