Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ОУПХ-ны Ерөнхийлөгч Тулия Эксонтой уулзлаа

Дэлхийн 180 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд болж байна.


“Парламентын дипломат ажиллагаа: Энх тайван, ойлголцлын гүүрийг бий болгох нь” үндсэн сэдвийн дор болж буй уг чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулия Эксонтой уулзаж, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын нягт хамтын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.


Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын парламент хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламент байхын төлөө байдгаа тэмдэглээд Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч, хатагтай Тулия Эксоныг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Олон Улсын Парламентын Холбоо, Монгол Улсын Их Хуралтай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна. Олон Улсын Парламентын Холбооны бүхий л үйл ажиллагаанд Монголын парламентчид идэвхтэй оролцож, хамтран ажилладагт талархалтай байдгаа хатагтай Тулия Эксон илэрхийлээд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бүхий л санал санаачилгыг дэмжин ажиллахаа тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл