Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 05 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна.

Түүнчлэн тус эмхэтгэлд Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай,  Засгийн газарт чиглэл өгөх тухай, Хянан шалгах түр хороо байгуулах тухай, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох,  гишүүнээс чөлөөлөх тухай, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох, гишүүнээс чөлөөлөх тухай, Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлжээ. Тухайлбал, “Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан: 1/Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль зөрчиж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн асуудлыг шуурхай шалгаж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээг авч, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх; 2/орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээд ажиллах, аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд улс төрийн нам, улс төрчид оролцохыг таслан зогсоох, хязгаарлах арга хэмжээг авах; 3/“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдээс цаашид төсвийн шинжтэй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэхгүй байх, хориглох арга хэмжээг авах; 4/төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс аливаа хэлбэрээр оролцохыг хязгаарлах, тэдгээрийн компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 5/“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 6/Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан, амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус хуульчилсан тул “Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын холбогдох заалтыг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авах; 7/Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “МТАС” түншлэлтэй 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г холбогдох хуульд заасан журмын дагуу хүчингүй болгох арга хэмжээг авах; 8/татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу зохион байгуулаагүйгээс нүүрс олборлогч зарим хуулийн этгээдийн татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, татварын нөхөн ногдуулалт болон алданги, торгууль ногдуулах боломжийг алдагдуулсан албан тушаалтанд холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэж, цаашид дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 9/Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэх, экспортлох, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтанд холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, гааль болон хилийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 10/“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хийсэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын асуудлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх. Түүнчлэн ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын нийт иргэдэд адил тэнцүү хэмжээгээр эзэмшүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан: 1/2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэх; 2/Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр олгосон “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх; 3/“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн эрх бүхий этгээд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн тохиолдолд төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийн орлогоос “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани, “Эрдэнэс Монгол” хязгаарлагдмал хариуцлагатай компани, түүний нэгдлийн болон бусад төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хооронд үүссэн өр авлагад суутган тооцох. Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан: 1/төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээний төлбөр, хураамжийн ногдуулалт, түүний зарцуулалтын талаар судалж, дүгнэлт, саналаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд ирүүлэх; 2/төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний төлбөр, хураамж болон тэдгээрийн зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомж зөрчсөн төлбөр, хураамжийг хүчингүй болгох арга хэмжээ авах. Харин “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоосон.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох,  гишүүнээс чөлөөлөх тухай ний зөвлөлийн гишүүнээр томилох,  гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Ноовойн Нанзаддоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилж, Дуламрагчаагийн Жавзандоржийг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн бол “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Баярын Пүрэвдагва, Лхагвын Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилж, Балдангийн Баатарзориг, Самдангийн Цэдэндамба нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээ нь Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд тус төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар гаргах нийслэлийн гадаад үнэт цааст зориулж 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсөн ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл