Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 02 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Нийслэл Улаанбаатар хотын  замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай,Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан  татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын  замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн зорилт нь иргэний саадгүй зорчих нөхцөлийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн төрөл, хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулахад орших ажээ.

Түүнчлэн тус эмхэтгэлд Хуулийн төсөл буцаах тухай, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид буцаажээ. “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ: 1/Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т заасан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийн хэмжээг бууруулахгүйгээр хилийн цэст өөрчлөлт оруулах асуудлыг судлан шийдвэрлүүлэх, уг нутаг дэвсгэрт үүссэн суурьшлын бүсийг нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн иргэдийн хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ авах эрхийг хангах арга хэмжээ авах; 2/Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар нийслэлийн хэмжээнд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан тул цаашид улсын хэмжээнд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулж, Монгол Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх; 3/Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын орон сууцны байшингийн цахилгаан шатны болон дулааны техникийн шинэчлэл /фасад, дээвэр, босоо шугам, хаяавч, узель/-д шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлэх; 4/Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг 2023 оны 12 дугаар сард багтаан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 5/Хот байгуулалтын тухай хуулийн 9.4-т заасны дагуу аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын эрх, үүргийг мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд хэрэгжүүлэх тохиолдолд ерөнхий архитекторын албан тушаалыг төрийн захиргааны  албан тушаалд хамааруулсан холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах; 6/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.3-т заасан журамд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3, 12.8-д заасан шаардлагыг хангаагүй барилга байгууламжийг хамруулах асуудлыг тусгах; 7/Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах. Харин “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан:1/татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болон татварыг хэсэгчлэн төлөх, хугацааг сунгах асуудлыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх асуудлыг судалж, холбогдох төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолд заасан “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон хөгжил” зорилтын хүрээнд дулааны болон цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж буй түүхий эдийн стандартыг дээшлүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Мөн “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор  Улсын Их Хурлын 2023 оны 60 дугаар тогтоолоор байгуулсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс зургаан сараар сунгасан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл