Цэс

Холбоо барих

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн танилцуулга

Нэг. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт

Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх зорилгоор Улсын Их Хурлаас 2023 оны 1, 2 дугаар сард зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн гаргасан зөвлөмжид иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх талаар, түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийг явуулахдаа олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулах нь зүйтэй талаар тус тус дэмжсэн дүн гарсан.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулж, уг төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

Мажоритар сонгуулийн тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн бол хууль батлагдсанаар пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэхэд сонгогчдын санал гээгдэх нь бага, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай бөгөөд мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой болж, сонгуулийн тогтолцооны тогтвортой байдал хангагдана.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал дөрөв дэх буюу Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг батлах үед Улсын Их Хурлын гишүүний тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөх замаар 76 гишүүнтэй байхаар хуульчилсан байсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдах үед нэг гишүүн 44.7 мянган иргэнийг төлөөлж байсан. Хуулиар хүн амын тоо, газар нутгийн хэмжээнээс хамаарч парламентын гишүүдийн тоог тогтоож, иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлсэн. Хуульд “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн өөрчлөлтийг оруулсан.

Энэхүү өөрчлөлтийг Улсын Их Хурал хийхдээ нэгдүгээрт Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажилласан дүн, иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, хоёрдугаарт Хэлний бодлогын үндэсний зөвлөл, хуульчид, судлаачид, эрдэмтэд, Үндсэн хууль тогтоогчдын төлөөллийг саналд түшиглэсэн юм. Хууль тогтоогчид олныг төлөөлөх нь мажоритар арга, хувь тэнцүүлэн төлөөлөх нь пропорциональ арга гэж ойлгохоор тогтсон.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдсанаар ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хууль тогтоомж болон хуулийн биелэлтэд тавих хяналтыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх болно. Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тодорхой зааж баталгаажуулснаар Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо тогтвортой байх, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах ач холбогдолтой.

 

Хоёр. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль

Энэ хуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэвээр хадгалах юм.

2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг 2023 оны 06 дугаар сарын 25-ны дотор, холбогдох бусад хууль тогтоомжийн өөрчлөлтийг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

Гурав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан гарсан Улсын Их Хурлын тогтоолууд

1/         Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтэй холбогдуулан Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай” Улсын Их Хурлын 37 дугаар тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталсан. Уг тогтоолоор нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан, хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэлийг хуульд заасан хугацаанд багтаан хангаж ажиллахыг ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Тамгын газарт, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд төслийг иргэдэд танилцуулах, санал бодлыг сонсох ажилд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газарт тус тус даалгасан.

2/         Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталсан. Энэ тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар тогтоосон. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг иргэдэд тайлбарлан таниулж, тэдний санал, бодлыг сонсох ажлыг зохион байгуулахыг Улсын Их Хурлын нийт гишүүдэд даалгасан.

3/         Улсын Их Хурал “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр баталсан. Уг тогтоолын 1 дэх заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг баталсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиудыг Улсын Их Хурлын 2023 оны хаврын, Монгол Улсын Төрийн ордны тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудыг Улсын Их Хурлын 2023 оны намрын, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганд багтаан тус тус нийцүүлэн өөрчлөх хуваарь гаргасан.

Мөн тогтоолоор Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж Төрийн ордны барилга байгууламж, нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны танхим, өрөө тасалгааны зохион байгуулалттай холбогдох зураг төсөл, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн өөрчлөлт хийхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж, бусад шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт даалгасан.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл