Инфографик:Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

  2020-08-25 12:47  38

    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа  Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад  Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна

    Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 


    Манай улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ” байгуулсан байдаг. Гэхдээ эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонгконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүдийг байгуулан ажиллаж байна.

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг талууд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод үзэглэсэн бөгөөд “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр соёрхон батлуулсан. 

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үзэглэсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т 2019 оны 06 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна.

    “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” нь 21 зүйлтэй, эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг зүйл бүрээр зохицуулсан байх бөгөөд зардал, эрх зүйн туслалцааны хүсэлтийн агуулга, харилцах төв байгууллагууд, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг заасан байна.

     Уг хэлэлцээрээр хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг, тухайлбал нотлох баримт олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх зэрэг тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллаж туслалцаа үзүүлэх боломжтой болно.

    Мөн 2019 оны байдлаар Макаод Монгол Улсын 12 иргэн ял эдэлж байна. Харин Монгол Улсад ял эдэлж буй Макаогийн иргэн байхгүй болно.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм.

Улсын Их Хурлын Тамгын газар 


  2020-08-31 12:47  38