Цэс

Холбоо барих

УИХ дахь эмэгтэй гишүүд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2016.07.27/ Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд хатагтай Биата Транкман, УИХ-ын гишүүдийг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв. Тэрээр, энэ удаагийн сонгуулийн үр дүнд УИХ-ын нийт гишүүдийн 17.1 хувь нь буюу 13 эмэгтэй гишүүн байгаа нь 1990 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь олон улсын эмэгтэй парламентчдын дундаж үзүүлэлттэй ойртож байгаа юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд хамгийн ойр ажиллаж ирсэн туршлага бий. Тухайлахад, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих төслийг 2014-2015 онд хэрэгжүүлэхэд маш идэвхтэй оролцсон. Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны үргэлжлэлийн үр дүнд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тусламжтайгаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүдийн хүрээнд бий болгосон үр дүнг бэхжүүлэх, үндэсний тогтвортой механизм бий болгох зорилгоор “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр баримт бичгийг боловсруулаад байгаа юм. Түүнчлэн 2017-2021 онуудад хэрэгжүүлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Тусламжийн Хүрээ нь “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зохицуулалт, түншлэлийг бэхжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна гэлээ.

Ийнхүү Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хэрэгжүүлж ирсэн, цаашид төлөвлөж буй ажлуудыг товч танилцуулсны дараа Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөл тус тусын байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр дээр УИХ-ын эмэгтэй гишүүд төр, иргэнийхээ хооронд гүүр болон ажиллахаа илэрхийлэв. Тэрээр, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж Жендерийн үндэсний хорооны статусын асуудлыг эргэн харах талаар санал, хүсэлт уламжилсан гэлээ.

Эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоог улс төрийн шийдвэр гаргах түвшинд хангаснаар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмрээ оруулах болно гэдгийг уулзалтад оролцсон УИХ-ын гишүүд тэмдэглэн хэлж байв. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл