Цэс

Холбоо барих

“Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөн өндөрлөлөө   

       Өнөөдөр  /2019.05.22/  УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөн Төрийн ордонд боллоо. Уг үндэсний зөвлөгөөн нь гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог сайжруулах, ажиллах нөхцлийг дээшлүүлэх зорилготой юм. Зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга үг хэллээ. Тэрбээр, Хүүхдийг хамгаалах, гэр бүлийн институцийг бэхжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил боловсролын асуудал бол улс орны тэргүүлэх зорилго бөгөөд Монгол Улсын төр засгаас гэр бүл, хүүхдийн эрх хамгааллын асуудалд байнга анхаарал хандуулж, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Монголын үр сад нэг бүр хүчирхийллээс ангид баталгаатай, тогтвортой, ээлтэй орчинд өсөж, нийгэмдээ идэвхтэй, аз жаргалтай иргэн болох боломжийг нь бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах шаардлага байгааг хэлсэн үгэндээ онцолсон юм. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, ХНХ-ын сайд С.Чинзориг,  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга болон хүүхдийн төлөө хуулиар үүрэг хүлээж байгаа байгууллага, төрийн албан хаагчид, ТББ, эцэг эхийн төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалтын асуудлаар санал солилцох зайлшгүй шаардлага байна

Зөвлөгөөнд тавигдсан зарим илтгэлүүдээс онцолвол УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол “ Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт илтгэлийг зөвлөгөөний эхэнд тавилаа. Уг илтгэлд Монгол улсын Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад удаагүй байна. Гэр бүлийн задрал хүчтэй явагдаж байгаа энэ цаг үед гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийн үнэ цэнийг дээшлүүлж, гэр бүлийн хөгжлийг дэмжих шинэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэх,  санхүүжүүлэх зардлыг  Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгах;  Хүүхдийн тэтгэлэг бүрэн төлөгдөх тогтолцоо механизмыг бүрдүүлэх, хүүхдийн өмчлөлийн эрхийг хуульчлах, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх;Гэр бүлийн боловсролыг бага наснаас нь олгох чиглэсэн зорилготой хөтөлбөрийг их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх;  Асралт гэр бүлийн судалгаа хийх, асралт гэр бүл бэлтгэх сургалтын хөтөлбөр, эрх олгох, асралт гэр бүлд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг олон шинэлэг өөрчлөлтийг тусгасныг онцлон дурьдсан юм.

Хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалтын асуудлаар санал солилцох зайлшгүй шаардлага байна. Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхэд Улсын Их Хурал, Засгийн газар онцгойлон анхаарч  2017 онд 1.2 тэрбум төгрөг, 2018 онд 6.4 тэрбум төгрөгийг тусгуулж байсан бол 2019 онд 8.0 тэрбум төгрөгийг баталсан. Хүүхэд хамгааллын 6 шатлалт үйлчилгээг үзүүлэх нэгдсэн нэг тариф, үүнтэй ижил төсөөтэй байдлаар хэрэглэж болох жишиг тариф байхгүй байгаа нь үйлчилгээ бүр харилцан адилгүй үнэтэй зэрэг нь үйлчилгээ үзүүлэгчдэд, тэдгээрийг санхүүжүүлэхэд хүндрэл бэрхшээлийг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл холбогдох хүүхдийн эрхийн хуулиудад энэ тарифыг батлах, мөрдүүлэх эрхийг хэн нэгэнд олгоогүйтэй холбоотой бөгөөд Хүүхэд хамгааллын тухай хуулинд дээрх асуудлыг нарийвчлан зохицуулж хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад эрх олгосон зохицуулалтыг нэмэх хэрэгцээ шаардлага байгааг илтгэлдээ онцолсон юм. Хүүхэд багачуудын эрхийг засаглалын бүх түвшинд хангах хүсэл эрмэлзэл дүүрэн байж, хүүхдийн эрхийг хамгаалах хуулиудыг хэрэгжүүлэх төсөвтэй нь баталж, иргэд бүр хүүхдийг онцгой хамгаалал шаардлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрч чадахгүй бол хүүхдийн эрх «хоосон амлалт» болж хувирна гэдгийг тодотгосон юм.

Мөн УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг «Гэр бүл, хүүхэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг» сэдэвт, УИХ-н гишүүн, ХНХ-ын  сайд С.Чинзориг «Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд нийгмийн салбарын гүйцэтгэх үүрэг» зэрэг илтгэлүүдийг тавьсан юм. Үүнээс гадна Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос салбар бүрийнхээ оролцоо, гүйцэтгэх үүрэг, тулгамдаж буй асуудлуудаараа мэдээлэл хийж санал солилцсон юм.

Зөвлөгөөний төгсгөлд дараах зөвлөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр уншиж танилцуулсан юм. Зөвлөгөөнд оролцож саналаа хэлсэн иргэдийн саналуудыг эцсийн байдлаар нэгтгээд холбогдох байгууллагууд руу хүргүүлэх юм байна. Эхний байдлаар гарсан зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЗӨВЛӨМЖ

2019 оны 5 дугаар                                                                                         Улаанбаатар

сарын 22-ны өдөр                                                                                                  хот

Нэг.Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар:

1/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж байгаа “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендерт суурилсан хүчирхийллийн асуудал” сэдвийг насны онцлогт тохируулан, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулж боловсруулах, сургалтын арга барилыг боловсронгуй болгох;

2/Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хүүхдийн нас, хөгжлийн үе шатуудад тохируулж “Хүчирхийллийг ялгаж, танин мэдэх тухай боловсрол олгох” нэгдсэн хөтөлбөр боловсруулж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт мэргэжлийн сэтгэл зүйч, охидын эмч ажиллуулах;

3/Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа улсын болон орон нутгийн төсвөөр сургууль, цэцэрлэг, дотуур байрыг камержуулах үйл ажиллагааны явцыг сайжруулж, тухайн нутаг дэвсгэр дэх цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн системд холбуулах;

4/Хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшлийг дэмжих, хүүхэд хамгаалах чиглэлийн зардлыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төсөвт тусгаж, хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх хүүхдийн зуслан, хүүхдийн урлагын ордон, хүүхдийн спортын ордон зэрэг дэд бүтцийг сэргээх, шинээр бүтээн байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

5/Гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг бүх шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарын зүгээс онцгой анхаарч, шаардлагатай төсвийг баталж, дэмжлэг үзүүлж ажиллах;

6/Хүүхдийн бэлгийн бойжилт, бэлгийн замын халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх үзлэгийг өрхийн эмнэлгээр дамжуулан тогтмол явуулах, өрхийн эмнэлгүүдийг цахимжуулах;

7/Эмзэг бүлгийн болон хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэр бүлийн судалгааг нарийвчлан гаргаж, урдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

8/Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийг өмгөөллийн үйл ажиллагаагаар бүрэн хангах;

9/Хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй, баталгаатай үзүүлэх байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, шаардлагатай техник тоног төхөөрөмж болон мэргэшсэн хүний нөөцөөр хангах;

10/Хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид сэтгэл санааны нөхөн төлбөр олгох талаарх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих;

11/Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд хүүхдийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, 108 төв, 107 төвийн үйл ажиллагаанд шаардлагатай машин техник болон хүний нөөцөөр хангах;

Хоёр.Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар:

1/Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон хүүхдийн эрх ашиг хөндөгдсөнтэй холбоотой бусад хууль тогтоомжид ялын бодлогыг чангаруулж, хууль зүйн хариуцлагыг нь нэмэгдүүлэх талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт албадан химийн тариа хийх,  бүх насаар нь хорих зэрэг бусад улс орны жишээг судлан, хуулийн төсөл, санал, дүгнэлт боловсруулах;  

 2/Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийн агуулгыг хүүхдийн насны ангилалд тохируулан ялгамжтай, оновчтой тодорхойлох, энэ төрлийн мэдээллийг олон нийтэд түгээхийн өмнө хүүхдийн насны ангилалд тохирох тэмдэг, тэмдэглээ хийх зохицуулалтыг бий болгох, хүүхдийн хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийг зориуд түгээхтэй холбоотой хууль бус үйлдлийг шуурхай таслан зогсоох, шалган шийдвэрлэх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бүрдүүлэх;

3/Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх дугуйлан, секц, клуб, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хөгжүүлэх, хүүхдэд зориулсан, тэдгээрийн насны ангилал, сэтгэл зүй, оюун санааны хөгжилд нийцсэн, тэдгээрт эерэг төлөвшил бүрдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, мэдээлэл, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих.

“ГЭР БҮЛ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭРХ ЗҮЙГ ОРЧНЫ БҮРДҮҮЛЬЕ”

СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

          

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2019.05.22

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл