Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан бөгөөд сонгон шалгаруулалтыг хараат бусаар явуулах ажлын хэсгийг байгуулахаар хуульчилсан.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 6.2.11-д “төрийн бус өмчийн хууль зүйн сургуулиас санал болгосон нэг төлөөлөл”-ийг Ажлын хэсэгт оруулахаар заасан.
Иймд дараах шаардлагыг хангасан хууль зүйн сургуулийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнд нэр дэвшүүлэхийг урьж байна:
1. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу магадлан итгэмжлэгдсэн;
2. эрх зүйн бакалаврын хөтөлбөрийг сүүлийн таваас доошгүй жил хэрэгжүүлсэн туршлагатай;
3. хууль зүйн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг их сургууль эсхүл хууль зүйн сургууль /их сургуулийн харьяа эсхүл бие даасан хууль зүйн сургууль/ байх;
4. төрийн бус өмчийнх байх.
Ажлын хэсгийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай саналыг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17.30 хүртэл Хууль зүйн байнгын хороонд албан бичгээр хүлээн авна. Энэхүү албан бичигт Ажлын хэсгийн гишүүнд нэр дэвшүүлж буй хүн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 6.5-д заасан шаардлагыг хангаж буй үндэслэлийг бичиж, дараах бичиг баримтыг хавсаргана:
- Хууль зүйн сургууль нь дээр дурдсан дөрвөн шаардлагыг хангасан гэдгийг нотлох баримт /их, дээд сургуулийн гэрчилгээ, дүрэм, магадлан итгэмжлэгдсэн тухай болон бусад баримт/;
- Ажлын хэсэгт нэр дэвшүүлж буй хүний иргэний үнэмлэхийн хуулбар, төрийн албан хаагчийн анкет.
Хавсралт:
Шүүхийн тухай хуулийг дараах линкээр унших боломжтой: https://legalinfo.mn/law/details/16047?lawid=16047
“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам,” түүний хавсралтуудыг www.parliament.mn линкээр унших боломжтой.
Холбоо барих мэдээлэл:
Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-267155, 51-262727
Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 327 тоот, баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: Galsanbatb@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО
2021.03.15