Цэс

Холбоо барих

Ардын дипломатын нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон дагалдан яваа УИХ, Засгийн газрын гишүүд энэ өдөр Японы ардын дипломатуудын нийгэмлэг (FEC)-ийн удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.

Тус нийгэмлэг 1983 онд байгуулагдсан, Японы томоохон компаниуд, судалгааны төв, их дээд сургууль зэрэг 1000 гаруй гишүүнтэй аж. Манай улстай 1988 оноос харилцаа тогтоож, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Японоос Монгол руу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Уулзалтад Нийгэмлэгийн ерөнхийлөгч К.Мацузава, нийгэмлэг дэх Япон-Монголын эдийн засаг, соёлын хорооны дарга, Японы JFR төмөр замын тээврийн компанийн зөвлөх Н.Ито, мөн хорооны зөвлөх, манай улсад Элчин сайдаар ажиллаж байсан Т.Кидокоро, “Номура холдинг” компанийн зөвлөх К.Ватанабэ, “Сожицү” компанийн дэд ерөнийлөгч Т.Хара, “H.I.S” компанийн ерөнхийлөгч Х.Савада, Ёкохамагийн “Тоин” их сургуулийн профессор П.Гялпо, “Марубени” корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга К.Оно, “Ниппон Коэй” компанийн ахлах менежер К.Фүкасакү нарын зэрэг Японы томоохон бизнесмэнүүд, нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байв.


УИХ-ын дарга М.Энхболд тэдэнд талархал илэрхийлээд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хийж буй айлчлал амжилттай болж байна. Хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцэн тохирсон гэрээ, хөтөлбөрийг хэрэгжүүлж, харилцан ашигтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх нь манай хоёр орны Засгийн газар, хувийн хэвшлийнхэн, иргэдийн эрх ашигт бүрнээ нийцнэ. Манай төр, засгаас бизнесийн орчноо илүү уян хатан, олон салаа мөчиртэй, хууль эрх зүйн орчноо элдэв дарамтгүй, таатай нөхцөлтэй болгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Та бүхний эхлүүлсэн, Монгол руу хандсан бизнес, хөрөнгө оруулалт, соёл хүмүүнлэгийн үйл ажиллагаа үр дүнтэй, амжилттай байхыг хүсэн ерөөе гэв

Ноён К.Мацүзава “Монголыг сонирхогч бизнесийнхэн, нийгмийн зүтгэлтнүүд Японд олон байдаг. Тэдний төлөөлөл болсон хүмүүс энд ирээд байна. Манай нийгэмлэгийнхэн Монгол Улсын хөгжил дэвшил, монголчуудын ирээдүйн сайн сайхны төлөөх үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах чин сэтгэл өвөрлөж явдаг” хэмээн онцлоод “Монголчууд бол бидний анд найз төдий хүмүүс биш, хамаатан садан, ахан дүүс шүү” гэж хэллээ.

Уулзалтад оролцогчид Монголын эдийн засгийг сэргээх, цаашид хөгжүүлэх, ямар салбарт түлхүү анхаарах талаар өөрсдийн санал бодлыг илэрхийлж, харилцан ярилцсан юм.

Энэхүү уулзалтын дараа УИХ-ын дарга М.Энхболд Японы Үндэсний эрүүл мэнд, эм зүйн төвийн харьяа эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.


Японы эмнэлгүүд улс даяар жилд 7 сая эмнэлгийн тусламжийн дуудлага хүлээн авдаг бөгөөд үүний 700 мянга нь Токиод ногддог юм байна. Тус эмнэлэг жилд 11.000 дуудлага хүлээн авдаг үзүүлэлтээрээ Токиодоо тэргүүлдэг томоохон эмнэлэг ажээ.

Эмнэлгийн удирдлагууд эмнэлгийнхээ орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмж, түргэн тусламжийн дуудлагаар ажиллах, өвчтөн хүлээн авч оношлох, эмчилгээнд шилжүүлэх ажлын зохион байгуулалтын талаар танилцуулав.

УИХ-ын дарга М.Энхболд “Японы эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, эмнэлгийн менежмент, зохион байгуулалт, эмчилгээний арга зүйгээс суралцах, хамтран ажиллах, Монголын эмч, мэргэжилтнүүдийг давтан сургах, өндөр технологийн багаж төхөөрөмжийг эмчилгээнд ашиглах нь бидний хувьд чухал ач холбогдолтой учраас энэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал манай төр, засгийн бодлогын анхаарлын төвд байдаг” гэж энэ үеэр тэмдэглэж хэллээ.

УИХ-ын даргатай хамт УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр очсон бөгөөд Монголдоо шинээр байгуулахаар төлөвлөж буй 300 ортой томоохон эмнэлэгт эдний менежмент, арга туршлага ихээхэн чухал болохыг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл