“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 10 дугаарын тойм

  2021-03-16 14:04  122

    Эмхэтгэлийн шинэ дугаарт Музейн тухай хуулийг хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн хамт нийтэллээ. Энэ хуулиар музей нь үзэл баримтлалтай байж, түүний хүрээнд үзмэр цуглуулах, сан хөмрөг бүрдүүлэн бүртгэх, хадгалж хамгаалах, үнэлэх харилцааг тодорхой заасан байна. Мөн музейн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, зэрэглэл тогтоохтой холбоотой зохицуулалтыг тусгасан. Музейн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор дөрвөн жил тутам хараат бус хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэж, 6 жил тутам үзүүллэгээ шинэчилж, 8 жил тутам тусгай зөвшөөрлөө сунгуулснаар үзүүллэг, дэглэлтийг байнга шинэчлэх, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэхэд чиглэсэн. Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх бөгөөд 2022 оноос уг үйлчилгээний зардлыг хувийн музейд төрөөс нөхөн олгохоор, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгалаа. Музейн аюулгүй байдлыг музейн орчны, барилга байгууламжийн, сан хөмрөгийн гэсэн гурван 3 түвшинд авч үзэн, үндэсний стандарт тогтоох эрх зүйн үндсийг тавьж, аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны механизмыг бүрдүүллээ. Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтныг томилоход тодорхой шаардлага тавьж, түүний мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон, хариуцлагын механизмыг бий болгохын зэрэгцээ хараат бус, тогтвортой ажиллах, санхүүгийн хувьд бусдын нөлөөнд автахгүй байх нөхцөл бүрдүүлэх зорилгоор найман жил тутам нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 2022 оноос олгож эхлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.

    Мөн энэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг “Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээр”-ийн хамт нийтэллээ. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг үүсгэн байгуулагч улсын нэг бөгөөд 2002 онд уг дүрмийг соёрхон баталснаар тус байгууллагын гишүүн улс болж, олон улсын шүүхийн дархан эрх болон эрх ямбыг хүлээн зөвшөөрч, нутаг дэвсгэртээ эдлүүлэх үүргийг хүлээсэн болно. Уг хууль нь манай улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой.  

    Эмхэтгэлийн энэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын тогтоол болох “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ыг нийтэллээ. Уг журмаар гамшгийн эрсдэлийн үнэлгээний ангилал, чиглэл, эрсдэлийн үнэлгээ хийх зохицуулалт, үнэлгээний захиалагч, гүйцэтгэгч талуудын эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд эрсдэлийн үнэлгээ хийх шаардлага нь хүн ам, тодорхой нутаг дэвсгэр, хуулийн этгээд, барилга байгууламжид тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг тодорхойлох, түүнийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөхөд чиглүүлсэн зэрэг мэдээллүүдтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 



 




  2021-03-16 12:21  122